Улсын их хурал

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар намын бүлгүүд ямар байр суурьтай байна вэ ?

М.Энхмаа
2015-11-16 07:14

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хурал зарлаж тухайн долоо хоногт хэлэлцэгдэх гол асуудлуудын талаар санал бодлоо хуваалцаж, байр сууриа нэгтгэдэг. Намын бүлгүүдийн энэ долоо хоногийн хурлын гол сэдэв Үндсэн хуулийн болоод сонгуулийн хуулийн өөрчлөлт байсан юм. Эдгээр хуулийн төслүүдийн талаарх намын бүлгүүдийн байр суурийг нэгтгэн хүргэж байна.

Ардчилсан намын бүлэг

Үндсэн хуулийн өөрчлөлт : Үндсэн хуулийн өөрчлөлтөд АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьт хүрээгүй байгаа. Хамгийн маргаантай байгаа асуудал бол гишүүдийн тоог нэмэх, анхан шатны нэгж дээр Засаг дарга томилох эсэх асуудлууд ажээ. Мөн Ерөнхийлөгчийг сонгох асуудал дээр зарчмын зөрүүтэй байр суурийг барьж байгаа аж. Бусад асуудалд ойролцоо саналтай байгаа учраас тодорхой шийдвэр гаргаагүй хэмээн мэдэгдсэн байна.

Сонгуулийн хуулийн өөрчлөлт: Сонгуулийн хуультай холбоотой асуудлаар АН бүлэг өнөөдөр хэлэлцээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт ”Шударга ёс” эвсэл хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьснаар дөрвөн төсөл чуулганд орж ирж байгаа учраас тухайн Байнгын хороодоор хэлэлцээд явахад ажлын хэсэг байгуулагдана гэж бодож байна гэжээ.

Монгол ардын намын бүлэг

Үндсэн хуулийн өөрчлөлт : Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзсэн байна.

Бүлгийн дарга С.Бямбацогт :  “ Н.Батбаяр нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 50 орчим заалт хөндөгдөх болж байгаа. Энэ нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэх асуудал яригдана, мөн Үндсэн хуулийг дагаж асар олон хуулийг шинэчлэх шаардлагатай болно. Цаг хугацааны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй болж байгаа.” гэжээ.  

Сонгуулийн хуулийн  өөрчлөлт : Одоогийн байдлаар УИХ-д дөрвөн өөр Сонгуулийн хууль өргөн мэдүүлэгдсэн. Эдгээр дөрвөн хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд цааш нарийвчлах ёстой гэж үзсэн байна.

Бие даагчдын бүлэг

Үндсэн хуулийн өөрчлөлт : Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр Төрийн албаны тухай болон Улстөрийн намуудын тухай хуулийг өөрчлөх замаар өнөөгийн улс төр, нийгмийн хүрээнд хөндөгдөж буй асуудлыг шийдэх боломжтой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн дараа хийх нь зүйтэй хэмээн үзэж байна.