Д.Лүндээжанцан : Нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг Үндсэн хууль руу чихэж болохгүй
УИХ-ын гишүүнД.Лүндээжанцан “Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” сэдвээр Төрийн ордны их танхимд хүндэтгэлийн лекц уншжээ. Түүний энэхүү лекц Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаж, энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар яригдаж байгаа цаг үед уншигдаж байгаагаараа ихээхэн онцлог болсон байна.
Д.Лүндээжанцан энэхүү хүндэтгэлийн лекцдээ Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдлийн асуудлыг “Түүхэн залгамж чанар буюу оршил”, “Бяцхан дурсамж”, “Асуудал, санал” гэсэн гурван үндсэн хэсэгт хуваан өөрийн үзэл бодол, байр суурийг хуваалцжээ. Түүний лекцийг тоймлон хүргэв.
Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл
Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Бүгд найрамдах засаглал тогтсон үйл явц монгол түүхийн ийм баларшгүй хуудасны нэгэнд зүй ёсоор тооцогдоно. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд ахмад үеийн маань холч мэргэн ухаан, алсын хараа, тэсвэр тэвчээр, хатан зоригийн ач буянаар Монголын ард түмэн зовлон бэрхшээл, гарз хохирлыг туулан төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж чадсан.
Улмаар 1990 оноос ардчиллын шинэ давалгаанд дэлхийн их, бага улс орнууд бараг бүгд өртөв. Монголд ч ардчиллын үзэл санаа түгэн үр дүнд нь Монголын ард түмний Үндэсний зөвшилцлийн их гэрээ болсон ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдав. Нийгмийн улс төрийн дарангуйллын тогтолцоог ардчилсан төр ёсны тогтолцоогоор халж хүний эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулснаараа, хүний эрх, эрх чөлөөний жинхэнэ баталгаа болсон хувийн өмчид суурилсан эдийн засгийн чөлөөт зах зээлийн харилцааг төлөвшүүлэх эхлэлийг тавьж, амьдралын хэв маяг, үнэт зүйлсийн баримжааг үндсээр нь өөрчилснөөрөө энэ нь хувьсгалт үйл явц болсон юм. Энэ түүхэн үйл явцын амьд гэрч нь, идэвхтэй оролцогч нь байх хувь тавилан бидний үеийнхэнд ногдсон.
Төр улсаа парламент, Засгийн газар, шүүхтэй нийт иргэн, иргэний нийгэмтэй нь нэгэн гэр бүл хэмээвээс төрийн эрх мэдэл хуваарилахуй нь гишүүдийнх нь хоорондын харилцааны дүрэм журам юм. Харин Үндсэн хуульт ёс, ардчилал, иргэний нийгэм, хууль дээдлэхүй нь шүтэн барилдахуйн нь үндэс болой. Ардчилал үгүй бол Үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт үгүй
, эрх мэдлийн хуваарилалт үгүй бол хүний эрх, эрх чөлөө баталгаагүй, иргэний нийгэм төлөвшөөгүй бол ардчилал төгс бус.
Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш 24 жил шахам хугацаа улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон нь тодорхой. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий болов. Улс төрийн зөрчил, маргааныг гудамжинд, хүчирхийллийн аргаар бус хуулийн хүрээнд парламент дотроо шийдвэрлэж байхыг бодит ардчиллын илрэл гэж ойлгодог. Энэ ч учраас Үндсэн хуулийн нэг гол чиг үүрэг бол улс төрийн зөрчил, хямралыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх явдал
юм. Гэвч нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлийг дан ганц Үндсэн хуулийн зохицуулалт хоцорсноос, тогтолцооны гажигаас шалтгаалсан хэмээн Үндсэн хууль руу чихэж болохгүй гэсэн байр суурьтай байна.
Үндсэн хуульд зохих хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлага бодитой оршиж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үндсэн хуулийн асуудалд алсыг харахгүй, дутуу дулимаг, түргэн түүхий хандаж болохгүй гэдгийг бид энэ он жилүүдэд ухаарлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бид дахин алдах ёсгүй
. Бас дутуу, буруу явсан хандлагад хөтлөгдөж цаг хугацаанд шахагдаж, судалгаа, тооцоо багатай сэтгэл хөдлөлөөр Үндсэн хуулиар оролдож болохгүй. Иймд бид долоо хэмжиж нэг огтол буюу туйлын хянуур нямбай хандах шаардлага тулгарч байна.