Шинэ цэвэрлэх байгууламжийн төслийг концессоор хэрэгжүүлнэ
Энэ долоо хоногийн засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн байна.
Улаанбаатарт шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлнэ
Хуралдааны үеэр Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэжээ.
1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр куб/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байгаа ажээ. Мөн лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болоод байгаа юм байна.
Үүний зэрэгцээ техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсанаас байгууламжийн эрчим хүчний хэрэглээ өндөр, эрчим хүчний зардалд сард 250 сая төгрөг зарцуулж байгаа аж.
Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр баталлаа
Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.
Энэхүү дэд хөтөлбөрийг вируст хепатитийн анхдагч урьдчилсан сэргийлэлтийг оновчтой зохион байгуулах, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусын халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч өмөнгийн шалтгаан, нас баралтыг бууруулах зорилгоор баталжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хепатитийн халдварыг хянах, сэргийлэх чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, шийдвэр гаргагчдын оролцоо нэмэгдэж, салбар дундын үйл ажиллагаа эрчимжинэ гэж үзэж байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд вируст хепатитийн халдвартай иргэдийг бүртгэх мэдээллийн нэгдсэн цахим программыг боловсруулж ашиглахаар төлөвлөжээ
. Энэ санд бүртгэгдсэн иргэдэд элэгний С вирусыг эмчлэх ХАРВОНИ эмийг худалдах ажлыг эхлүүлэх юм байна.