Үндсэн хуулиар ард нийтийн санал асуулга явуулах талаар гишүүд ямар саналтай байна вэ ?
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд үүнтэй холбогдуулан гишүүд өөрсдийн санал бодлыг хуваалцсан байна.
М.Батчимэг: Үндсэн хуульд өөрчлөлт хийх асуудалд аль болох улстөржилгүй, итгэл үнэмшлээрээ хандах ёстой. Үндсэн хууль Монгол Улсад маш их өөрчлөлт, дэвшил авч ирсэн. Гэхдээ одоо зайлшгүй өөрчлөх шаардлагатай болсон. Ирэх дөрвөн жилд бид улстөрийн болоод эдийн засгийн хүндрэлээс салъя гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Засгийн газар УИХ-аас хамааралгүйгээр ажлаа хийх, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх эрхийг Үндсэн хуулиар олгох хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулийг 430 төлөөлөгч 60 хоногт багтаан хэлэлцэж баталж байсан. Иймд бидэнд боломж харагдаж байна.
Р.Гончигдорж: Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх нийтээр хэлэлцэх нэг хэлбэр юм. Ард иргэдийн хүсэл зоригоо илэрхийлсэн саналуудыг нэгтгэж, чуулганаар хэлэлцэх хэрэгтэй. Бид олон асуудлыг иргэдийн нэрийг барьж ярьдаг. Ард нийтийн санал асуулга бол жинхэнэ утгаараа тэдний саналыг сонсох арга юм. Х.Тэмүүжин:Үндсэн хуулийг улстөрчид одоо л ярьж байгаа ч судлаачдын хувьд 5 жилийн өмнөөс байр сууриа илэрхийлж эхэлсэн.
Ний нуугүй хэлэхэд 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн үеийн хууль байсан.Түүхээс харахад сайн удирдагч хайж явсан улс орнууд ихэнхдээ мөхөл рүү шилжсэн байдаг. Харин тогтолцоогоо сайжруулах арга зам хайсан улс ихэнхдээ хөгжиж дэвшдэг. Иймд Үндсэн хуулиар тогтолцоогоо өөрчлөх цаг болсон.
С.Баярцогт: Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй шууд холбоотой. 1992 оны Үндсэн хуулийг 60 хоногт багтаан баталж байсан тул энэ удаа цаг хугацааны хувьд боломжтой гэж үзэж байна. 25 жилийн туршлагаас харахад Үндсэн хуульд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Үндсэн хуулиар 1-рт ЗГ тогтвортой ажиллаж, хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. 2-рт 1992 оны Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлсэн нь орон нутагт улстөржилтийг гааруулсныг зогсоох хэрэгтэй. 3-рт, Бид түүхэн үүргээ ухамсарлаж дараагийн үедээ ямар дүрэм журам үлдээх вэ гэдгээ шийдэх ёстой.
Ж.Батзандан: Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж чадвал хувьсгалын шинжтэй үйл явдал болно. 1999 оных шиг өөрчлөлт хийж болохгүй. 1992 онд бид Үндсэн хулиа батлахдаа энэрэнгүй нийгэмтэй болно гэсэн, одоо нийгэм хүйтэн болсон. Үндсэн хуулиа батлахдаа бид тогтвортой засагтай болно гэсэн, одоо засаг тогтворгүй болсон. Монголд одоо тайван замаар буюу Үндсэн хуулийг өөрчлөх замаар хувьсгал хийх цаг болсон
.
А.Бакей: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдгийг аль ч нам, эвсэл хүлээн зөвшөөрч байгаа гэж бодож байна. Гэхдээ намууд хоорондоо ойлголцож зөвшилцөх нь маш чухал. Намаар талцаж болохгүй. Өнөөдрийн төрийн тогтолцооны гажгийг засахгүй бол бид 2016 оны сонгуулийн дараа ч гэсэн бахь байдгаараа л байх асуудал бий. Иймээс хэлэлцүүлгийн бусад асуудлыг хойшлуулаад зөвшилцөж чадах юм бол амжиж чадна гэж бодож байна.