Нийгэм

Гэр хорооллын айлууд жилд 54,3 тэрбум төгрөгийн нүүрс түлдэг

Bolor Rose
2015-11-18 09:44

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Энэ үед нийслэлчүүдэд тулгардаг томоохон асуудлуудын нэг бол яахын аргагүй хотын утаа. Агаарын бохирдлыг бууруулахаар жил бүр улсаас хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Төсөвлөсөн мөнгөнийхөө хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахаар хийсэн ажлуудаа тайлагнадаг. Тайлагнасан ажлынх нь үр дүнд  агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах ёстой тул Агаарын бохирдлыг бууруулах сан, БОНХЯ, Цэвэр агаар сан төслийнхөн жил бүр агаарын бохирдол тэдэн хувиар буурлаа, эдэн хувиар буурсан тухай тайлагнадаг. Тухайлбал, өнгөрсөн хавар болсон агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаар сан 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж  агаарын бохирдол 2012 онтой харьцуулахад 50 хувиар буурсан  тухай ярьсан.

Гэтэл бодит байдал дээр агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг, байх ёстой агаарын чанарын стандартаас хэд дахин ихэссэн, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй талаар цуврал нийтлэлийг хүргэхээр болсон билээ. Тиймээс эхний удаад нийслэлийн агаарыг бохирдуулагч үндсэн эх үүсвэрүүд юу болох, гэр хорооллын айлууд хэр их нүүрс, мод хэрэглэдэг тэр нь жилд хэдий хэмжээний мөнгө зарцуулдгийг доорх графикуудаар харууллаа. 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2014 онд гэр хорооллын айлууд 54,3 тэрбум төгрөгийн 524 тн нүүрс түлсэн байна. Харин 24,7 тэрбум төгрөгөөр 290 м3 мод түлсэн статистик судалгааг гаргажээ.