Улсын их хурал

Хамтын тэтгэврийг 2012 оноос эргэн төлөхөд 9,8 тэрбум төгрөг шаардлагатай

М.Энхмаа
2015-11-19 02:07

Өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хуралдааны үеэр Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсан байна.

Санал хураалтын үед

- Хамтын тэтгэвэр авах эрх үүсэхээс өмнө 15 буюу түүнээс дээш жил хамт амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй

- Гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр, нөхөр

- Эхнэр, нөхрийн насны зөрүү 20 ба түүнээс дээш байсан тохиолдолд

хамтын тэтгэвэр олгохгүй гэсэн саналын томьёолол нэлээдгүй маргаан дагуулсан юм. Уг заалттай холбогдуулан гишүүд өөрсдийн саналыг хэлсэн байна.

Ц.Оюунгэрэл : Хуулийн төсөлд эхнэр, нөхөр гэдгийг тэгш эрхтэй оруулах нь зөв. Эхнэр, нөхрийн насны зөрүү 20 ба түүнээс дээш тохиолдолд хамтын тэтгэвэр олгохгүй гэж нас зааж тусгаж болохгүй. Гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр, нөхөр гэсэн заалтыг тодорхой болгож хуулийн төсөлд оруулах хэрэгтэй.

С.Эрдэнэ : Хуулийн төсөлд шалгуур тогтоох хэрэгтэй. Хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш 2 жил гаруйн дараа хэлэлцүүлэгт орж байна. Эргэн төлөгдөх хугацааг 2012 оноос тооцох нь зөв. Хууль батлахдаа санхүүжилтийг тодотголоор шийднэ гэж оруулж болохгүй байх. Хуульд сөргөөр нөлөөлнө. Хамтын тэтгэврийн хэмжээг жил бүр 20 хувиас доошгүйгээр ЗГ тогтоож өгөх горимын санал гаргаж байна.

Л.Эрдэнэчимэг : Гэрлэлтээ бүртгүүлсэн л бол тусдаа амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан олгох ёстой. Иймэрхүү  нөхцөл байдал амьдрал дээр маш их байгаа. Нэгэнт л гэрлэлт баталгаатай байвал тусдаа амьдарч байгаа эсэхээс үл шалтгалаан тэтгэврийг үргэлжлүүлэн  авах ёстой. Тиймээс энэ заалтыг тэр чигээр хасах саналтай байна.

Я.Санжмятав : хууль санаачлагчдын оруулж ирсэн 10 жил гэдэг бол бодитой тоо. Магадгүй 2-3 жил нэг хөгшнийг харж хууль завших сөрөг тал гарч ирж магадгүй. Хугацааг үүнээс нааш болгох хэрэггүй байх. Эргэн төлөгдөх хугацааг 2012 оны 6-р сараас тооцвол бодитой болох байна. Төсвийн тодотголд суулгаад 2016 ондоо багтаах нь зөв.

Хуралаанаар хамтын тэтгэврийг бусдад өвлүүлэхгүй гэсэн заалтыг гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн “Энэ хуулийг 2017 оны 1 -р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө,  хуулийг 2012 оны 1-р сарын 1-нээс хойших хугацаанд буцаан хэрэглэнэ.” гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжжээ.

Энэхүү хуулийн төслийн ажлын хэсэг  эргэн төлөгдөх хугацаанд тооцоо хийж үзэхэд 2 жилээр тооцвол 2,6 тэрбум, гурван жилээр тооцвол 9,8 тэрбум төг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.