Улсын их хурал

Р.Гончигдорж гишүүн өршөөлөөс орхигдсон хүмүүсийг өршөөх албан бичиг хүргүүлжээ

М.Энхмаа
2015-11-19 04:22

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисст” албан бичиг  хүргүүлжээ. Тус албан бичигт Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зохицуулах асуудлыг дурдсан байна.

Албан бичигт :

“ Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Өршөөлийн тухай хуульд дурьдсан заалтууд болон 2015 оны 8-р сарын 11-нд хүчин төгөлдөр болж, 17-ны өдөр хүртэл бүтнээрээ хүчин төгөлдөр байсан хууль тогтоогдсон эрх зүйн байдлыг хадгалах, дордуулахгүй байх, нэг хэрэгт дахин ял оноохгүй байх зарчимтай байдаг.

Энэ зарчмыг үндэслэн өршөөлд хамрагдаж байгаа нэмэлт өөрчлөлтөөр

1. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл

2. Дараах гэмт хэрэг үйлдсэн хүнийг

- Албан тушаалын байдлаа урвуулах

- Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх

- Хээл хахууль авах

- Хээл хахууль зуучлах

- Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

өршөөлд хамруулахгүй гэснийг буцаан хэрэглэх боломжгүй.

Тиймээс эдгээр хүнийг өршөөлд хамрагдахаар хуульчлагдсан 2015 оны 8-р сарын 21-нд албан ёсоор хэвлэгдсэн Өршөөлийн тухай хуулийг хэрэглэн 11-р сарын 2-нд нийтлэгдсэн Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргах нь тодорхой байна гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж байна.” гэсэн байна.

Тэрээр албан бичгийнхээ төгсгөлд “Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд шүүх шийдвэр гаргах учир энэхүү байр суурь маань шүүн таслах ажиллагаанд нөлөөлсөн гэх харилцаанд хамаарахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлье" гэжээ.