Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад юу ярив ?

М.Энхмаа
2015-11-20 01:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Франц улсад энэ сарын 18-аас 19-ны хооронд хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо. Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Парис хотноо болсон алан хядах цуврал халдлагын дараа болж буй гадаад улсын анхны Төрийн тэргүүний айлчлал гэдгээрээ онцлог болжээ.

Франц улсын Сенатын ордонд зочиллоо

Тус улсын Сенатын Ерөнхийлөгч ноён Жерар Ларше Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн Сенатын ордонд угтан авч Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр ноён Ж.Ларше 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол, Франц хоёр улсын ерөнхийлөгч анх удаа уулзаж буй түүхэн уулзалт болохыг онцолсон байна. Түүнчлэн тэрээр хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрчим хүч болон соёлын салбарт эрчимтэй тэлж буйг тодотгосон.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: "Хоёр талын харилцаа уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлалын салбар болон олон улсын олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөжиж байгаа. Тиймээс хөдөө аж ахуй, мал аж ахуй, ялангуяа малын үүлдэр, селекцийг сайжруулах чиглэлээр Францын талтай хамтрах хүсэлтэй байна." гэсэн аж.

Уулзалтын төгсгөлд БНФУ-ын Сенатын ерөнхийлөгч Ж.Ларшег Монголд айлчлахыг урьсан УИХ-ын дарга З.Энхболдын урилгыг уламжилжээ.

Ерөнхийлөгчийн зорьж очсон газар : Алфорын мал эмнэлгийн үндэсний сургууль

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочилж, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лабораторитой танилцжээ.

Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуульд зочлох үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дагалдан яваа албаны бусад төлөөлөгч тус сургуулиас гадна Хүнс, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүйн үндэсний агентлаг, Францын мал, амьтны зохиомол хээлтүүлгийн лаборатори, энэ чиглэлээрх хоршоодын танилцуулга, дугуй ширээний уулзалтад оролцсон байна.

Уулзалтын үеэр хэлтүүлэгч мал амьтны эрүүл ахуйн хяналтын лабораторийн захирал хатагтай Эдит Утие “Мал зохиомлоор хээлтүүлж, үржүүлэх чиглэлээр 50 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй манай байгууллага энэ салбарт Монгол Улсын ижил түвшний байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байна.” гэжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алфорын мал эмнэлгийн үндэсний сургуулийг “Бидний зорьж ирж буй газар” хэмээн тодотгоод Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй мал аж ахуйн салбарт БНФУ-тай гурван чиглэлээр хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Үүнд :

- Малын өвчин эмгэгийг эмнэх

- Малын үржил селекц буюу малын чанарыг сайжруулах

-Мал аж ахуйн дэд бүтэц буюу мал эмнэлгийн орчин үеийн лаборатори байгуулж, мэргэжилтэн бэлтгэх

гэсэн чиглэлийг онцолсон байна