УИХ-ын дарга З.Энхболд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 55 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр МУИС-ийн Хууль зүйн сургууль үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн “Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан: Өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд оролцлоо.
Нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд :
“Хоёр жилийн өмнө МУИС-ийн удирдлагууд Хууль зүйн сургуулиа Б.Чимидийн нэрэмжит болгох хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг өчигдөр шийдэж, Засгийн газрын тогтоол гарснаар Хууль зүйн сургууль Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болж байна. УИХ-д тус сургуулийн төгсөгчид олон бий, тэднийг төлөөлөн өнөөдөр ирлээ. Өнөөгийн манай нийгэмд хууль, эрх зүй хамгийн их эрэлттэй мэргэжлийн нэг
болжээ. Энэ бол маш сайн хандлага. Гэвч, эрх зүйн боловсролын хүртээмж, чанарыг улам сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа” гээд тус сургуулийн хамт олонд баяр хүргэж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүссэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний 452 тоот тогтоолоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр тус тогтоолын хуулбарыг хүндэт өргөмжлөлийн хамт гардууллаа.