Засгийн газар

Монголын сэргээгдэх эрчим хүчний салбар 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авна

М.Энхмаа
2015-11-20 03:22

АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн дэд хорооны хурлаар “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн 2015 оны хагас жилийн тайланг хэлэлцэж, үр дүнг танилцуулсны дараа Бангладеш, Руанда, Уганда, Монгол улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Энэ үеэр “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд шаардлагатай 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох шийдвэр гаргасан байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 2 үе шаттай хэрэгжих ажээ.

  1. Баруун бүст 20 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 5 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц, газрын гүний дулааны насосыг 5 байршилд суурилуулж, Үенчийн усан цахилгаан станцыг сэргээн засварлах зэрэгт 64,7 сая ам долларын төсөл хэрэгжүүлнэ.
  2. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд 1,3 сая ам долларын техникийн туслалцааг авч, цаашдаа УАХОС-гаас 30 сая ам долларын буцалтгүй тусламж авах нөхцөл бүрдэнэ.

Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтй холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт : “Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохих шаардлагын дагуу боловсруулсан бөгөөд Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт оруулан ажиллаж байгаа. Ирэх 2016 онд Монгол Улс нь Ази-Европын өндөр түвшний уулзалт зохион байгуулах үеэр Сэргээгдэх эрчим хүчний талаар тусгай уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглан Зүүн-Хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох томоохон зорилготой ажиллаж байна.” гэсэн аж.