Засгийн газар

Ч.Сайханбилэг : Энэ жилийн төсөвд агаарын бохирдолтой тэмцэхэд 5 орчим тэрбум төгрөг тусгасан

М.Энхмаа
2015-11-20 10:01

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг утааны эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгын үеэр агаарын бохирдолтой тэмцэхэд 2013-2014 оны өвөл хамгийн өндөр амжилттай ажилласан бөгөөд энэ амжилтыг бууруулахгүй байх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг дурдсан байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :

Шийдлийн Засгийн газар төсөв хэмнэх бодлогын хүрээнд Цэвэр агаар санг татан буулгасан ч агаарын бохирдолтой тэмцэх ажиллагаа ямар нэгэн байдлаар зогсоогүй. Энэ жилийн төсөвд агаарын бохирдолтой тэмцэхэд 5 орчим тэрбум төгрөг тусгасан. Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороо хуралдаж байгаа. Энэ жил төсөвлөсөн 5 тэрбум төгрөг дээрээ үндэслээд бодлогоо үргэлжлүүлээд явна. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв алхам хийжүүлэх, орон сууцжуулах асуудал. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол арга болох хийжүүлэх ажлын хүрээнд нүүрснээс гаргах байгалийн хийн үйлдвэр байгуулна. Энэ байгалийн хийн үйлдвэрээ Тавантолгойг үндсэлж байгуулна. Нүүрснээс хий боловсруулах асуудалд технологийн үйл ажиллагаа нэмж шаардагдаж байгаа.

Мөн Шахмал түлшний үйлдвэр асуудлуудаа шийдсэн байгаа. 10 орчим мянган өрхийг шахмал түлшийг татаастай шилжүүлнэ. Энэ жилээс цахилгаан халаагуураар дэмжих үүднээс шөнийн цагийн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулна.