Улсын их хурал

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ ЯМАР БАЙНА ВЭ ?

М.Энхмаа
2015-11-23 05:37

УИХ-ын Тамгын газрын Төсвийн шинжилгээний хэсгээс Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны эхний 10 сарын гүйцэтгэлийн судалгааг гаргасан байна.

 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 915.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2015 оны эхний 10 сарын байдлаар 4,569.2 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5,484.7 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 915.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээний 61.2 хувьтай тэнцэж байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 636.8 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын бууралт 5.8 хувиар, зарлагын өсөлт 6.9 хувиар буюу зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 12.7 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод 4,569.2 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөсөн хэмжээнээс 232.9 тэрбум төгрөгөөр дутуу гарчээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 48.0 хувь нь улсын төсөв, 27.0 хувь нь орон нутгийн төсөв, 20.0 хувь нь нийгмийн даатгалын сан, 5.0 хувь нь хүний хөгжил сангийн орлогоос тус тус бүрдэж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийгмийн даатгалын сангийн орлого 57.2 тэрбум төгрөгөөр өсч, харин улсын төсвийн орлого 349.1 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 98.9 тэрбум төгрөгөөр, хүний хөгжил сангийн орлого 6.2 тэрбум төгрөгөөр буурчээ. 2015 оны эхний 10 сарын байдлаар улсын төсвийн орлого 114.6 тэрбум, орон нутгийн төсвийн орлого 185.9 тэрбум, нийгмийн даатгалын сангийн орлого 110.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс дутуу төвлөрч, харин хүний хөгжил сангийн орлого 38.9 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын 86.0 хувь нь татварын орлогоос, 14.0 хувь нь татварын бус орлогоос бүрдэж, төлөвлөснөөс татварын орлого 123.6 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 109.3 тэрбум төгрөгөөр тус тус дутуу төвлөрсөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 206.0 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 74.8 тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын орлого 3,945.1 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар буурч, энэ оны төлөвлөсөн хэмжээнээс 3.0 хувиар буюу 232.9 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй гарчээ.

Татварын орлогын 20.3 хувийг орлогын албан татвар, 21.3 хувийг нийгмийн даат-галын орлого, 1.8 хувийг хөрөнгийн албан татвар, 21.5 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 12.0 хувийг онцгой албан татвар, 0.3 хувийг тусгай зориулалтын орлого, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 16.1 хувийг бусад татвар, төлбөр, хураамжаас бүрдүүлж байна.

Татварын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 206.0 тэрбум төгрөгөөр буурахад нийгмийн даатгалын орлого 56.2 тэрбум, хөрөнгийн албан татвар 7.2 тэрбум, онцгой албан татвар 94.5 тэрбум, тусгай зориулалтын орлого 0.5 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч орлогын албан татвар 41.5 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 282.0 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 36.1 тэрбум, бусад татвар, төлбөр, хураамж 4.9 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Татварын бус орлого 624.2 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар буурч, төлөвлөсөн хэмжээнээс 14.9 хувиар буюу 109.3 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн гүйцэтгэлтэй байна.

Татварын бус орлогын 3 хувь нь тусламжийн орлого, 5 хувийг хөрөнгийн орлого, 92 хувийг нийтлэг татварын бус орлого эзэлж байна. Нийтлэг татварын бус орлогын 33 хувь нь төсөвт байгууллагын өөрийн орлого, 23 хувийг газрын тосны орлого, 10 хувь нь навигацийн орлого, 12 хувь нь хүүгийн орлого, 3 хувь нь торгуулийн орлого, 1 хувь нь хувьцааны ногдол ашгийн орлого, 10 хувь нь бусад орлого эзэлж байна.

Татварын бус орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар буюу 109.3 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд үүнд хөрөнгийн орлого 18.9 тэрбум, тусламжийн орлого 16.8 тэрбум, түрээсийн орлого 0.6 тэрбум, навигацын орлого 14.1 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч хувьцааны ногдол ашгийн орлого 19.9 тэрбум, хүү, торгуулийн орлого 1.0 тэрбум, төсөвт байгууллагын өөрийн орлого 5.0 тэрбум, газрын тосны орлого 74.4 тэрбум, бусад орлого 25.0 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу 24 төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа 41 байгууллага улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсний 16 нь орлогын төлөвлөгөөг биелүүлж, 25 нь 0.5-100 хувиар тасалдуулжээ.

Хилийн мэргэжлийн хяналтын алба, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани зэрэг орлого төвлөрүүлэгч 2 байгууллага улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг тасалдуулж төсвийн өмнө хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна. 2015 оны эхний 10 сарын байдлаар улсын төсвийн нийт орлогын 39.1 хувь нь холбогдох татварын албадын, 40.4 хувь нь гаалийн байгууллагын шугамаар, үлдэх 20.5 хувь нь орлого төвлөрүүлэгч бусад байгууллагаас төвлөрчээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлээр 6,298.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 87.1 хувийг ашиглажээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 55.0 хувийг улсын төсөв, 23.0 хувийг орон нутгийн төсөв, 3.0 хувийг хүний хөгжил сан, 19.0 хувийг нийгмийн даатгалын сан тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн нийт зардал 54.9 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн зардал 216.1 тэрбум төгрөгөөр өсч, орон нутгийн төсөв 19.1 тэрбум төгрөгөөр, Хүний хөгжил сан 12.1 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

2015 оны эхний 10 сарын байдлаар улсын төсвийн зарлага 547.4 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 435.4 тэрбум, хүний хөгжил сангийн зарлага 19.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс дутуу гүйцэтгэлтэй гарч, нийгмийн даатгалын сангийн зарлага 49.1 тэрбум төгрөгөөр илүү зарцуулагдсан байна.

Нэгдсэн төсвийн нийт зарлагад урсгал зардлын эзлэх хувийн жин төлөвлөснөөс 4.1 пунктээр нэмэгдэж 81.7 хувь болжээ.

Төсвийн нийт зарлагын 81.7 хувь буюу 4,482.8 тэрбум төгрөгийг урсгал зардал эзэлж байгаагийн 49.0 хувь нь бараа, ажил үйлчилгээний зардал, 10.0 хувь нь зээлийн үйлчилгээний төлбөр, 38.0 хувь нь урсгал шилжүүлэг, 3.0 хувь нь татаасд ногдож байна.

Өнгөрсөн оны мөн үеэс нэгдсэн төсвийн урсгал зардал 370.7 тэрбум төгрөгөөр өсөхөд бараа, ажил үйлчилгээний зардал 145.1 тэрбум төгрөгөөр, зээлийн үйлчилгээний төлбөр 128.3 тэрбум төгрөгөөр, татаас ба урсгал шилжүүлэг 97.2 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуулиар 33 төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах эрхийг баталсан бөгөөд энэ оны эхний 10 сард тэдгээрийн батлагдсан төсөв 547.4 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагджээ.

Улсын төсвийн нийт зарлагын

27.6 хувийг Сангийн сайдын багц

22.5 хувийг Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын багц

11.5 хувийг Эрүүл мэнд, спортын сайдын багц

8.1 хувийг Хууль зүйн сайдын багц

7.2 хувийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багц

4.1 хувийг Батлан хамгаалахын сайдын багц

3.8 хувийг Зам тээврийн сайд

2.7 хувийг Хөдөлмөрийн сайдын багц

2.0 хувийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багц

10.5 хувийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын зарлага эзэлж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд 167.6 тэрбум төгрөг зарцуулсан нь улсын төсвийн нийт зардлын 4.4 хувьтай тэнцэж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны эхний 10 сард хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд 295.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж 167.6 тэрбум төгрөг зарцуулсан нь төлөвлөсөн хэмжээнээс 128.3 тэрбум төгрөгөөр буюу 43.3 хувиар доогуур байна.

Хүний хөгжил сангаас 204.8 тэрбум төгрөгийг хүүхдэд олгов.

Хүний хөгжлийн санд 2015 оны эхний 10 сарын байдлаар нийт 300.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 14.9 хувиар буюу 38.9 тэрбум төгрөгөөр илүү төвлөрч 114.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого давсантай холбоотой байна.

2015 оны эхний 10 сарын байдлаар Хүний хөгжил сангийн зарлага 235.1 тэрбум төгрөгт хүрч 92.2 хувийн гүйцэтгэлтэй, нийт зардал 19.8 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн байна. Хүний хөгжил сангаас 18 хүртэлх насны 1023.4 мянган хүүхдэд 204.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож, төр хариуцах иргэдийн төлбөрт 7.0 тэрбум төгрөгийг, зээлийн үйлчилгээний төлбөрт 22.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 49.1 тэрбум төгрөгөөр илүү зарцуулагдав.

Нийгмийн даатгалын санд 2015 оны эхний 10 сард нийт 1,181.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 8.6 хувиар буюу 110.9 тэрбум төгрөгөөр дутуу, орлогын төлөвлөгөө 91.4 хувьтай. Өмнөх оны мөн үеийнхээс нийт орлого 57.4 тэрбум төгрөг буюу 5.1 хувиар өссөн байна. Тус санд улсын төсвөөс 207.6 тэрбум төгрөгийн татаасыг олгосон байна.

Энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар Нийгмийн даатгалын санд ажил олгогч, даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлого 894.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.2 тэрбум төгрөгөөр өсчээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2015 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 154.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 176.9 тэрбум төгрөг буюу 21.5 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 23.2 тэрбум төгрөг буюу 16.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Орон нутгийн төсвийн зарлага 435.4 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдав.

Орон нутгийн төсвийн орлого 1,603.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10.4 хувиар буюу 185.9 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрч, нийт зарлага нь 1,570.2 тэрбум төгрөг болж, мөн төлөвлөснөөс 21.7 хувиар буюу 435.4 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн төсвийн орлого 5.8 хувиар буюу 98.9 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 1.2 хувиар буюу 19.1 тэрбум төгрөгөөр доогуур байна.

Нийт орлогын 40.0 хувь нь орон нутгийн төсвийн орлого, 8.0 хувь нь улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг, 47.0 хувь нь тусгай зориулалтын шилжүүлэг, 5.0 хувь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлэг байна. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт 126.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.