Улсын их хурал

Р.Гончигдорж: Нэг хэргээр хоёр ял тулгадаг ардчилсан улс байдаггүй юм

М.Энхмаа
2015-11-23 07:44
УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Та Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах ко­мисст хандсан байсан. Ямар агуулгатай бичиг явуулсан юм бэ?

-Өршөөлийн хуулийг УИХ баталсны дараа олон үйл явдал болсон л доо. Энэ бүх хугацаанд би нэг л зүйлийг хэлж ирсэн. Тэр нь эрх чөлөөтэй болсон хүмүүсийг одоог хүртэл хорьж байгаа тухай асуудал.

-Нэгэнт Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөхгүй гээд шийдчихсэн байхад тэр хүмүүсийг эрх чөлөөтэй гэж үзэх юм уу?


-УИХ-ын баталсан Өршөө­лийн хууль наймдугаар сарын 11-нээс дагаж мөрдөнө гэсэн үгтэй юм. Тэр томъёоллын дагуу бүрэн өршөөлд хамрагдахаар хүмүүс нь суллагдана, хэрэг нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа хүмүүсийн хэрэг нь тодорхой болзол нөхцөлтэйгөөр хэрэгсэхгүй болох учиртай. Тиймээс ч энэ улсууд Өршөөлийн хуулиар суллагдах нь, суллах ажлыг Комисс зохион байгуулах нь гэсэн ойлголттой явсан.  Амгалан тайвнаар суллагдах өдрөө хү­мүүс нь ч, ар гэрийнхэн ч хүлээ­сэн гэсэн үг. Баярын хүлээлт нь өнөөдөр ч үргэлжилж байгаа.

-Гэхдээ одоо суллагдах нь хуулиар хаалттай болсон биз дээ?

-Үгүй, одоо ч тэр хүмүүсийг өршөөсөн төрийн шийдвэр хүчинтэй байгаа. Тэгэх ч ёстой.

-Ямар хуулиар...?

-Өршөөлийн хуулийг бат­лагдсан даруйд нь хэрэгжүүлээгүй шалтгаанаа шүүх албан ёсоор хэвлэгдсэн хуулийг хэрэглэдэг учраас гэж тайлбарласан байна лээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг хориг тавихаас өмнө хууль хэвлэгдэж гараагүй учраас бид хэрэглэж чадаагүй гэдэг. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисст өгсөн албан бичигтээ ч энэ тухайгаа дурдсан байсан. Тэгвэл өнөөдөр албан ёсоор хэвлэгдсэн хоёр хууль байна. Нэг нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан хоёр заалт түдгэлзсэн байдлаар хэвлэгдсэн хууль. Нөгөө нь нэмэлт, өөрчлөлт орсон Өршөөлийн хууль л даа. Шүүхийн хэрэглэх хуулиуд нь бэлэн байна. Тэгэхээр өршөөл үзүүлэх ажиллагаа тээглэхгүй явах бүрэн бололцоо бүрдчихсэн. Одоо хуулийнхаа дагуу л хүмүүсээ суллахыг нь суллаад явах ёстой.

-Өршөөлийн хуульд орсон нэмэлтээр авлига, албан ту­шаалын хэргүүд өршөөлд хамаарахгүй гээд заачихсан. Тэр хүмүүсийг одоо ямар хууль барьж суллах юм бэ?


-Тийм заалттай хууль нь сүүлд гарсан юм. Шүүх бол хүнийг яллах бус, хүний эрхийг хангах баталгаа гэдэг утгаар ажилладаг байгууллага. Энэ утгаараа хуулийг тухайн хүнд илүү таатай нөхцөлөөр хэрэглэдэг юм. Ийм зарчим Эрүүгийн хуульд ч суусан байдаг. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл болон уучлал үзүүлж болно гэсэн заалт бий. Өршөөлийн хууль бол Эрүүгийн хуулийн нэг бүрэлдэхүүн болохоор энэ заалтыг барьж болох юм.

Ер нь бол хүний нөхцөлийг нь дордуулсан хуулийг буцааж хэрэглэдэггүй. Дээрдүүлсэн бай­вал буцаан хэрэглэнэ гэсэн зарчим байдаг. Энэ бүгдэд анализ хийхээр өршөөгдсөн хүмүүсийг өршөөгдсөн байдлаар нь шийдвэр гаргах нь тодорхой. Шинэ Үндсэн хуулиас эхлээд хүний эрхийн баталгаан дотор ч энэ бүгд байдаг. Нөгөөтэйгүүр, өршөөл үзүүлэх ажилд шүүх бол Өршөөлийн хуулийг хэрэглэх биш, хэрэгжүүлэх субъектын хувьд оролцож байгаа. Шүүх хуулийг хэрэглэхдээ шүүн таслах ажиллагаа явуулдаг бол хэрэгжүүлэхдээ энэ хуулийг биелүүлэх шийдвэр гаргадаг.  Мөн Өршөөлийн хуульд өөрт нь ч “гэмт хэрэг үйлдсэн хүнд хамгийн ашигтай нөхцөлөөр нэг удаа өршөөлд хамруулна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуулийн 10.10 дахь заалт ийм агуулгатай юм. Энэ бол өмнөх Өршөөлийн хуулиудад зориулж Дээд шүүхээс гаргаж байсан тайлбарыг хуульд нь хийж өгсөн хэлбэр. Монгол Улсын хуулиуд нэг утгаар л хэрэг­жих ёстой болохоор тэр хүмүүс наймдугаар сарын 11-нд өршөөгдөх ёстой гээд байгаа юм.

-Тэгэхээр тэр хүмүүс сул­лагдана гэсэн үг үү. Хориг тавьсан хоёр заалтад хамаарах хэрэгтэй хүмүүс өршөөгдөхгүй л гэсэн ойлголт нийгэмд байгаа ш дээ?


-Би тэгж бодохгүй байна. Хоригдож байгаа улсууд, тэдний өмгөөлөгч, ар гэрийнхэн ч тэгж бодохгүй байгаа. Хугацаа сунжирч байгаа учраас тэвчье л гэж бодож байгаа байх. Угаасаа тэр хүмүүс ялаас бүрэн чөлөөлөгдчихсөн учраас эргээд яллах шийдвэр гаргахгүй гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Цаг хугацааг л тэвчээд хүлээж сууж байгаа болов уу. Энэ зарчмыг мэдэхгүй хүмүүс нь харин тэвдэж байж магадгүй юм.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг яагаад заавал өршөөх ёстой гээд байгаа юм бэ, та?


-Ямар хэрэг гэдэг нь миний ярьж байгаа зүйлд огтхон ч сонирхолтой биш. Эрүүгийн ямар хэрэг вэ, ямар зүйл анги, тэр нь ямар ялтай вэ, нийгэмд яаж үнэлэгдэж байгаа вэ зэрэг бол ерөөсөө хамаагүй. Ерөөсөө энэ хууль бол Т гэдэг гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг бүрэн чөлөөлнө гэж гаргасан хууль. Түүнээс Т гэдэг хэргээр А гэдэг хүн яллагдаж байна уу, Б гэдэг хүн байна уу гэдэг хамаагүй. Би Т гэдэг гэмт хэрэгт холбогдсон хүнийг бүрэн чөлөөлнө гэчихсэн агуулгаар нь ярьж байгаа юм. Энэ дээр өөр хүчин зүйл оруулах ёсгүй. Шүүх ч тэгэх ёсгүй. Үндсэн хуулиар хүний эрхийг хангах үүргийг төр хүлээдэг. Тэр хүн ямар эрхтэй гэхээр хэргээс өршөөгдсөн, чөлөөт иргэн гэдэг л эрхтэй байгаа. Тэр эрхийг нь хадгалах ёстой ш дээ.

-Ерөнхийлөгч хориг та­вихдаа нэмэлт саналууд оруулсны дагуу хүмүүсийн ял хөнгөрсөн. Тэр хүмүүст нь шинэ хууль үйлчлээд, хориг тавигдсан заалтад хамаарах хэргүүд нь өмнөх хуулиараа зохицуулагдана гэхээр...?


-Өмнө нь өршөөлд хам­рагдсан хүнийг буцааж өршөөлд хамаарагдахгүй болгож болохгүй. Өөрөөр хэлбэл, дараа нь гарсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийг буцааж хэрэглэж болохгүй юм. Ялгаа нь тэр. Үндсэн хуулийн суурь агуулгаар ч гэсэн тухайн хүний нөхцөлийг дордуулсан хуулийг хэрэглэж болдоггүй юм.

Өршөөлийн хуулийн онцлог бол 2015 оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт л хамаарна. Түүнээс хойш хэрэг гарахад энэ хууль ерөөсөө хамаагүй. Тэр утгаараа Өршөөлийн хуульд дордуулсан өөрчлөлт орох нь утгагүй юм. Угаасаа ч тэр заалт нь хэрэглэгдэх учиргүй. Харин бусад хуульд бол дордуулсан заалт оруулбал тэр нь утгатай. Яагаад гэвэл, бусад хууль хойшоо явж байгаа харилцааг зохицуулдаг. Тиймээс өмнөх хуулийн зохицуулалтыг хатуу­руулсан заалт оруулж болдог.

Бас нэг жишээ хэлье л дээ. Монгол Улсын Эрүүгийн хуулиуд шинэчлэгдэж байдаг ч өмнөх хуулийг нь хэзээ ч хүчингүй болгож байгаагүй ш дээ. Наян хэдэн оныхыг ч, ерэн хэдэн оныхыг ч одоог хүртэл хүчингүй болгоогүй байгаа. Бусад хууль бол шинэ нь батлагдангуут хүчингүй болдог. Эрүүгийн хуулийг яагаад хүчингүй болгодоггүй вэ гэхээр тэр Эрүүгийн хууль хүчин төгөлдөр байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг дараагийн хууль хэрэгжих үед илэрч болдог. Тэр гэмт хэрэгт ногдуулах ял нь шинэ Эрүүгийн хуулиар хатуурсан байх юм бол шинийг нь биш, өмнөх хуулиа хэрэглэж шийтгэдэг юм. Жишээ нь, ерэн хэдэн оны Эрүүгийн хуулиар нэг төрлийн хэрэгт дээд тал нь 5 жилийн ял оноодог байсан нь шинэ хуулиар 10 жил болчихож. Гэтэл тэр хэрэг нь илрэхгүй явсаар байгаад дараагийн хуулийг хэрэглэх үед баригдвал өмнөх ерэн хэдэн оны хуулиа л хэрэглэдэг. Өршөөлийн хууль ч үүнтэй адилхан. Өмнөх заалтыг нь өөрчилсөн ч үйлчлэл нь хэвээр үлддэг. Энэ хэргийг өршөөлд хамааруулна гэж заасан байсан бол тэр нь хүчин төгөлдөр байдаг юм. Энэ бол алтан зарчим нь.

-Шүүх болохоор арай өөр зүйл хэлдэг ш дээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх гээд байгаа учраас бид шийдвэр гаргахгүй ч гэдэг юм уу?


-Тэр бол тэдний бодлого биш. Шүүх энэ тийм хэрэг, тийм зүйл гэж тогтож ярих ёсгүй. Хууль эрх зүйн орчин ямар байна гэж ярихаас Т гэдэг гэмт хэргийг А, Б гэдэг улсууд хийсэн гэж ярих ёсгүй. Шүүхэд тэр өршөөгдөх заалт нь ямар хэрэг, ямар хүмүүс байх нь огт хамаагүй. Шүүх бол хуулиа л хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Шүүх ингэж ажиллах ёстой гэдэг чинь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого биш үү?


-Харин тэгж ойлгох вий гэж би зориуд Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах ко­мисст явуулсан саналдаа “Шүүхэд нөлөөлөх оролдлого биш” гэдгийг тодотгож бичиж явуулсан. Яагаад гэвэл, би тодорхой хүний хэргийн талаар яриагүй. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон ха­рил­цааны асуудлыг л ярьж бай­на. Үүнтэй олон хуульч санал нийлнэ.

-Гэхдээ хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүс арай өөр ойлголттой яваад байна. УИХ ч гэсэн Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулахдаа “Ав­лигачдыг өршөөхөө болилоо” гэж зарласан ш дээ?


-Энэ бол улс төрийн харилцаан дахь “жүжиглэлт”. Ийм ийм хэргүүдийг өршөөнө, өршөөж болохгүй гэдэг бол хуулийг анх батлах үед л яригдах ёстой сэдэв. Гэтэл тэр үед буюу наймдугаар сарын 11-нд өршөөнө өө гээд л шийдчихсэн. Нэгэнт хууль баталсан бол ардчилсан нийгмийн хууль тогтоогч бол буцаах боломжгүй гэдгийг мэдэж л байгаа. Харин сая “авлига албан тушаалын хэргийг өршөөж болохгүй” гэж дуугарч байгаа нь ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л болж байгааюм. Уг нь хууль тогтоогчид олон түмэнд сайхан харагдах гэж биш, хуулийн утга учрыг тайлбарлан таниулж ажиллах ёстой. Ер нь ч тэгээд Монгол Улс ардчилсан нийгэм байгуулсан бол нэг өршөөчихсөн хэрэгтээ дахин ял өгнө гэдэг утгагүй зүйл. Хэлмэгдүүлэлтийн үед бол нэг хэрэг дээр хоёр дахин ял өгөөд явж байсан л даа.

-Таны энэ бүх тайлбарыг сонсоод хууль хэрэгжүүлэх комисс хариу өгсөн үү?


-Өгөөгүй.

-Ядаж хэлэлцсэн биз дээ?


-Би өөрөө танилцуулж ярь­сан. Комиссынхон бидний авч хэлэлцэх асуудал биш байна, шүүхийн мэдэх хэрэг гэсэн агуулгаар ярьж байна лээ. Эцсийн бүлэгтээ энэ комисс л Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм ш дээ, уг нь. Нэгэнт энэ ажлыг зохион байгуулж байгаа бол ямар асуудлыг шүүхээр, ямрыг нь шүүхээр биш дангаараа шийдээд явах вэ гэдэг эрх эд нарт хадгалагдаж байгаа.

Бас нэг зүйл хэлэхэд, Өршөөлийн хуулийн дагуу гарч байгаа ямар ч тогтоол “Өр­шөөлд хамааруулсугай” гэж гарна. Тэгэхээр комисс шийдэх боломжтой гэсэн үг. Хэрэв “Ялаас чөлөөлсүгэй” гэж тогтоол гарч байгаа бол шүүх мэдэж байгаа хэлбэр болно. Энэ хоёр том ялгаатай.

-Таны энэ яриад байгаа тайлбараар хууль бусаар хо­риг­дож байгаа хэдэн хүн байгаа юм бэ?


-Тэр надад сонин биш. Цөөхөн хүн байгаа учраас тэндээ байг, эсвэл олон байгаа болохоор болохгүй гэсэн юм байхгүй. Ганц хүн байсан ч хангалттай. Хэн байх нь, ямар хэрэг байх нь огтоос хамаагүй. Ганц ч хүн байхгүй байсан хамаа алга. Өөрөөр хэлбэл, асуудлыг агуулгаар нь харах ёстой. Бодитоор хүн байгаа бол монгол хүний бодит эрхийн зөрчил, ганц ч хүн байхгүй бол Монгол Улсын хүний эрхийн хийсвэр зөрчлийн асуудал юм даа.

-ХЭҮК-той энэ асуудлаар ярилцаж үзсэн үү?


-Өршөөл үзүүлэх комисст нэг төлөөлөл нь байдаг юм билээ. Тэр хүн рүү хандахад юу ч хэлэхгүй байсан. Уг нь ёстой ийм асуудал дээр дуугарна гэж тэр бүрэлдэхүүнд орсон баймаар юм.

-Таны энэ логикоор хүмүүсийг хориод байгаагийн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?


-Энэ бол Үндсэн хуулиар тогтоогдсон хүний эрхийг зөрчиж байгаа асуудал. Нэг хүнд хоёр удаа ял оноож болохгүй. Өршөөгдчихсөн хүнийг өмнө нь яллачихсан байсан хэргээр нь дахин яллаж болохгүй.

Эх сурвалж : Ардын эрх


  1. 49.0.161.* Зочин 2015-11-23 17:24
    demjij baina.