Монгол, Хятад хоёр улсын Их хурал хоорондын анхдугаар уулзалт боллоо
Монгол, Хятад хоёр улсын Их хурал хоорондын байнгын уулзалтын механизмын анхдугаар уулзалт боллоо.
Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын Монголын талын дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболд хурлыг нээж үг хэлсэн байна.
УИХ-ын дэд дарга М.Энхболд : Энэхүү уулзалт нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгнө
БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд өнөөдөр Монгол, Хятадын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байгаа. 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” болон 2014 оны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын үзэл санааны дагуу манай хоёр орны улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал, нийгэм соёлын бүхий л салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байна.
Бидний өнөөдрийн энэхүү уулзалт нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын байнгын уулзалтын механизмыг сайтар ашиглан хоёр улсын хууль тогтоох байгууллагын бүх шат, чиглэлийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг цогцоор урагшлуулж, хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг нэмэгдүүлэх нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжих улс төрийн чухал баталгаа болно.
Түүний дараа БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын Хятадын талын дарга хатагтай Янь Зюньчи анхдугаар уулзалтын төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм.
Хатагтай Янь Зюньчи : Парламентын солилцоо нь бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг
Энэ удаагийн айлчлалын зорилго Хятад, Монголын харилцаа болон хоёр парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэх юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүч чармайлтаар хоёр улсын харилцаа хурдацтай хөгжиж буйг харахад таатай байна. Хоёр улсын харилцаа бүх салбарт амжилттай хөгжихөд хоёр улсын удирдлагын алсын хараа, парламентын харилцаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай парламент нь ард түмнийг төлөөлж, тэдний санаа бодлыг илэрхийлдэг, парламентын солилцоо нь улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг. Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг хөгжүүлэхэд яриа хэлэлцээг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь чухал. Хамгийн чухал нь хоёр орны харилцааны бүрэн байдал, ирээдүйн хөгжлийг харгалзаж, сонирхлоо харилцан хүндэтгэж, зөрчлийг зохистой шийдэн, бие биеэ анхааралтай сонсож, асуудлыг шийдэх аргыг хамт ярилцаж байж сайн хөршийн замд хамт явах болно.