Засгийн газар

Монгол улсад 300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зуржээ

М.Энхмаа
2015-11-24 09:00

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Европын зарим орнуудад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад ажиллажээ. 

ЧЕХ УЛСТАЙ АЖ ҮЙЛДВЭР, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ӨРГӨН БОЛОМЖ БАЙНА

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат айлчлалынхаа хүрээнд Чех улсын Үйлдвэр худалдааны сайд Ян Маледектай уулзсан. Энэ үеэр талууд аж үйлдвэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцолжээ. Мөн талууд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан үед болсон энэхүү  уулзалт цагаа олсон ажил хэрэгч уулзалт бөгөөд цаашид ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аль аль талдаа анхаарах ёстой гэжээ.

Мөн энэ үеэр Чех улсын албан ёсны хөгжлийн тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа Эрдэнэтийн дулааны станцын өргөтгөлийн зураг төсөл болоод уул уурхайн салбарт зураглал хийх хүний нөөцийн сургалтыг хийж байгаа талаар дурьдсан аж.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат : "Чех улсаас тоног төхөөрөмж, технологи Монгол улсад нийлүүлэх сонирхолтой байна. Иймд Монгол компаниуд Чех улсаас тоног төхөөрөмж худалдан авахад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр тал хамтран ажиллаж, ойлголтоо нэгтгэх, тулгарч буй бэрхшээлийг даван туулж шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй." гэжээ.

Чех улсаас Монгол улстай уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тус улсын компаниуд Монгол улсад уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэх сонирхолтой байгаа төдийгүй Чех Словакийн худалдааны банк Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолсон аж.

300 МЯНГАН ТОННЫ ХҮЧИН ЧАДАЛТАЙ КОКСЫН ҮЙЛДВЭР БАРИХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

Чехийн нүүрснээс кокс болон ширэм боловсруулан гаргаж авах үйлдвэр болох “Нutni prjekct fruder-mister” ХХК, “Витковец” группын ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцсан байна. Үйлдвэртэй танилцах үеэр Монгол улсын “Нью Эко энержи” ХХК Чех улсын “Нutni prjekct fruder-mister” компани “ЧКД энержи” компанитай Монгол улсад 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 160 сая евро бөгөөд үүний 130-150 сая еврог “ЧКД энержи” компани гаргах юм байна.