Путин: Туркүүд ар нуруунаас хутга шаалаа
Туркууд Сирийн хилийн ойролцоо нисэж байсан Оросын онгоцыг агаарын хилийн дүрэм удаа дараа зөрчсөн гэх шалтгаанаар буудаж унагасан нь сүүлийн хагас зуунд НАТО-гийн гишүүн орон ба Оросын хооронд дэгдсэн хамгийн эвгүй зөрчилдөөнийг үүсгээд байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин онгоц Сирийн хилээс 1 км дотогш орсон гэж мэдэгдээд “террористуудад туслагсад” “ар нуруу руу хутга шаасан” нь ноцтой үр дагаварт хүргэж мэднэ гэж анхааруулав.
“Бид өнөөдөр иймэрхүү гэмт хэргийг хэзээ ч хүлцэж чадахгүй”. В.Путин
Хоёр талын гадаад харилцааны сайдууд харилцан элчин сайдуудад дургүйцлээ илэрхийлж, НАТО Мягмар гарагийн үдээс хойш уулзалт зарлав. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Лхагва гарагт төлөвлөгдөөд байсан Турк улсад хийх албан ёсны айлчлалаа цуцлаж, Оросын хамгийн том аялал жуулчлалын компанийн нэг Турк руу хийх аяллын маршрутаа түр зогсоожээ. Хоёр орны хөрөнгийн зах зээлийн индекс унах хандлагатай байна.
Буудуулсан онгоц Туркмен Ууланд унаж байгаа бичлэг интернэтээр тархжээ. Өөр өнцгөөс авсан Туркийн Анадолу Агентлагийн бичлэг хоёр нисэгч онгоц сүйрэхээс өмнө шүхрээр бууж байгааг харуулсан бол Сири дахь Туркийн сөрөг хүчний дэд коммандлагч хоёр нисэгчийг шүхрээр бууж ирэхэд хоёуланг нь буудаж хөнөөсөн гэж мэдэгдэв.
ОХУ батлан хамгаалахын сайд онгоц бүх нислэгийн туршид Сирийн газар нутаг дээр байсан гэж байгаа бол, нөгөө тал нь Туркийн агаарын хилийг зөрчлөө гэж 10 удаа анхааруулсан гэж мэдэгдэж байна. Хоёр дахь онгоцны хувьд ч адилхан хилд ойртож, анхааруулга авсан гэж хэллээ.
“Баримт нь тодорхой. Хоёр онгоц манай хилд ойртож ирсэн, бид анхааруулсан ч тэд мэдсээр байж зориуд хэд хэдэн удаа зөрчсөн” гэж Туркийн талын албаны эх сурвалж Ройторс агентлагт тайлбар өгчээ.
ОХУ-аас Сирид агаарын цохилт өгөхөөр болсон нь дэлхийн 2-р дайнаас хойш НАТО болон Оросын 'шувуунууд' анх удаа нэг тэнгэрт
нисэлдэхэд хүргэсэн юм. 1950 оноос хойш анхны болох НАТО-гийн аль нэг гишүүн орон Оросын онгоцыг буудаж унагасан энэ хэргийн талаар АНУ ямар нэг оролцоогүй гэдгээ мэдэгдээд байна.