Японы Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагны хөрөнгөөр тараг бүрдэг
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд ноён Ивасаки Тоорү Мияконожо хотын даргаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд илгээсэн мэндчилгээг дамжуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл : “Сайн харилцаа удаан үргэлжилдэг гэдэг. Манай хоёр хот сурагч солилцоо, соёл, хөдөө аж ахуй, нийтлэг үйлчилгээний салбарт 16 дахь жилдээ идэвхтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ирэх онд тохиох Мияконожо хотын ойд урилгын дагуу зочид, төлөөлөгчдөө оролцуулах болно” гэлээ.
Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорү : “Бидний хамтын ажиллагаа анх бага оврын салхин цахилгаан станцаас эхэлж, соёл урлаг, боловсролын салбараар өргөжсөнд баяртай байна. Манай хотод очих Монгол зочдыг тэсч ядан хүлээх болно. Энэ удаад “Мияконожогийн амтат үхрийн мах”-ыг нийлүүлэх саналтай ирсэн.” гэжээ.
Хоёр хотын орлогч дарга нар хоёр хотын цаашдын харилцааг бүх салбарт идэвхжүүлэх, нутаг орны цаг агаар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар харилцан найрсаг яриа өрнүүлсэн юм. Мөн энэ үеэр Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг талаар сонирхуулсан байна.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд талархаад, хотын даргынх нь мэндчилгээг Засаг даргад дамжуулахаа илэрхийлжээ.
-
202.21.109.*
Зочин
2015-11-25 11:12
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд талархаад, хотын даргынх нь мэндчилгээг Засаг даргад дамжуулахаа илэрхийлжээ.0 0 Хариулах