Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчдыг ирэх оноос албан ажлаас нь чөлөөлнө
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүнд нэр дэвших дараах албан тушаалтнууд сонгуулийн жилийн 1-р сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх юм байна.
Үүнд :
- Төрийн жинхэнэ албан хаагч / төрийн захиргааны , төрийн тусгай, төрийн үйлчилгээний /
- Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
- Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан
Хууль санаачлагчид дээрх өөрчлөлтийн үр дүнд УИХ-ын сонгуульд оролцогчдын эрх тэгш байдал хангагдан, эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжрахаас гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.