Засгийн газар

Г.Баярсайхан : Төрийн албан хаагчдын цалинг ижил хувиар биш, ижил дүнгээр нэмэх нь зүйтэй

М.Энхмаа
2015-11-27 01:48

“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийжээ.Түүний мэдээллээс гол хэсгүүдийг тоймлон хүргэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хуулийг батлуулсан. Ингэснээр дараах эерэг үр дагаврууд бий болсон:

- Үйлдвэрлэлийн орчин, гаднах талбайд иргэн осолд орж амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээдэг болсон.

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь эрсэдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн, тэдний ар гэрт олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн

- Эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалд заавал даатгуулах зэрэг шинэлэг өөрчлөлтүүдийг хийсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд дараах гол зохицуулалтуудыг тусгаж өгсөн:

- Алслагдсан орон нутагт ажиллаж байгаа иргэдийг 20 хоног ажиллаад 10 хоног амрах нөхцлөөр хангана

- Өөрийн хүсэлтээр хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эхчүүдийн НДШ-ийг ажил олгогч төлнө

- Мэргэжлийн зэргийг цалин хөлстэй нь уялдуулан ялгавартай олгоно

- Оюутан, залуучуудыг суралцахын зэрэгцээ 4 хүртэл цаг ажиллах, ажилласан тухай бүрт цалин хөлсийг олгоно

Хөдөлмөрийн яам холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.

Барилга хот байгуулалтын яамтай хамтран “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах, эрсдэлийг тодорхойлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам”-ыг батлуулж хэрэгжилтийг хамтран зохион байгуулж байна. Мөн  барилгын салбарт мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулан мэргэшүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг бууруулах, барилгын салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, чиглэлээр хамтран ажиллаж байна.

Батлан хамгаалах яамтай “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх мэргэжил эзэмшүүлэх, цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нарыг  чөлөөнд гарсны дараа  ажлын байраар хангах, нийгмийн хамгааллын бодлого, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын гишүүдэд мэргэжил олгоход хамтран ажиллах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн арчилгаа, ашиглалтын чиглэлээр  мэргэшсэн ажилчдыг  МСҮТ-үүдэд бэлтгэх зорилгоор Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна гэлээ.   

2016 онд төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, УИХ-аар шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. Бага цалинтай, эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж буй хэсгийн цалинг эхний ээлжинд нэмэх, мөн цалинг ижил хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэх нь зүйтэй .

50 мянга шахам иргэнийг хамруулж, 30 мянга гаруй  ажлын байр бий болгосон

Тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга шахам иргэнийг хамруулан, 30 мянга гаруй  ажлын байр бий болгожээ.