Мануель Сагер : Швейцарийн хөгжил, дэвшлийн туршлагыг Монгол оронтой хуваалцахад бэлэн байна
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр тэрээр ШХУ-ын Гадаад хэргийн сайд Дидиер Буркхалтертай яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байна. Мөн энэ үеэр Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Мануель Сагер-ыг хүлээн авч уулзжээ.
Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн: Швейцариас Монголд үзүүлж буй хөгжлийн тусламж нь Монгол Улсын Засгийн газраас улс орны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр тавьж буй тэргүүлэх зорилттой уялдаж, чухал хувь нэмэр оруулж байгаа. Цаашдын ирээдүйд ч Швейцарийн хөгжлийн тусламжийг үргэлжлүүлэн авах бодит хэрэгцээ, шаардлага Монгол оронд байгаа. Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн шугамаар амжилттай хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монголд тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болох хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт урт хугацаанд Швейцарьтай үр ашигтай, тогтвортой хамтран ажиллах арга хэлбэрийг одооноос тодорхойлж цаашид Швейцарийн технологи, хөрөнгө +оруулалтыг энэ чиглэлээр түлхүү хөгжүүлэх боломжийг судалж ажиллахын төлөө байдаг.
Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Мануель Сагер тус агентлагийн шугамаар Монголд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, сайн засаглал, мэргэжлийн боловсрол зэрэг төрөл бүрийн салбарт хэрэгжүүлж ирсэн хөгжлийн тусламжийн төсөл, хөтөлбөрүүд нь амжилттай, үр дүнтэй явагдаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд цаашид ч хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд шаардлагатай чиглэл, салбаруудад Швейцарийн хөгжил, дэвшлийн туршлагыг Монгол оронтой хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол улс 2016 онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын зөвлөлийг даргална.
Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)- гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 24 дүгээр чуулган болон Ардчиллын Форумд оролцож тус зөвлөлийг даргалах ажлыг албан ёсоор хүлээн авчээ.