ОХУ-ын их, дээд сургуулийн профессор багш нарыг урьж багшлуулах талаар санал солилцлоо
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Нэгдүгээр проректорын орлогч Александр Владимирович Пономарев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Уралын Холбооны Их Сургуулийн Нэгдүгээр проректорын орлогч А.В.Пономарев :
“Монгол УИХ-ын дарга З.Энхболд та өнгөрсөн 9-р сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Свердловск муж дахь Уралын Холбооны Их Сургуульд зочилсон. Үүний үр дүнд өнөөдөр бид хамтран ажиллах боломж, арга замыг судалж, хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирээд байна. 1980-аад оны үед монголын 420 гаруй оюутан Уралын Холбооны Их Сургуульд суралцаж байсан бол өнөөдөр 23 оюутан суралцаж байна. Иймд бид боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс ОХУ-ын их, дээд сургуулийн профессор багш нарыг Монгол улсын их, дээд сургуулиудад урьж багшлуулах, орос хэлтэй боловсон хүчин бэлтгэх, мөн хоёр улсын аспирантур, докторантуруудын судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. “ гэжээ. Мөн тэрээр ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль нь онлайн буюу зайны сургалт амжилттай явуулдаг талаар танилцуулсан байна.
УИХ-ын дарга З.Энхболд, ОХУ-ын их, дээд сургуулийн профессор багш нарыг Монгол Улсын их, дээд сургуулиудад урьж багшлуулах, мөн уул уурхай, металлургийн боловсруулах үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцлоо. Түүнчлэн ШУТИС зэрэг их, дээд сургуулийн оюутнуудад орос хэлний болон бусад гадаад хэлний сургалтыг гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр явуулах, ОХУ-ын их, дээд сургуулиудын дэргэдэх аспирантур, докторантурт монголын уул уурхай, металлургийн салбарын мэргэжилтнүүдийг эчнээгээр болон өдрөөр сургах боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.