Засгийн газар

Сайн мэдээ: Амгалан дулааны станц ашиглалтад орж Улаанбаатар хотын зүүн бүс найдвартай дулааны эх үүсвэртэй боллоо

М.Энхмаа
2015-11-27 05:49

Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх “Амгалан” дулааны станц ашиглалтад орлоо. Нээлтийн ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн М.Сономпил, А.Тлейхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин нар болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Тус станцы нээлтийн үйл ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболд:

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Амгалан” дулааны станцыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан. Энэ  төслийг Монгол Улсын Хөгжлийн банкны Хятад Улсын Хөгжлийн банкнаас авах зээлийн хөрөнгөөр барьж байгуулаад ард түмэнд дулаанаа түгээгээд эхэлж байгаа энэ сайхан үйл явдлыг нээж байгаадаа баяртай байна.

1983 онд ашиглалтад орж байсан “ДЦС-IV”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж, 50.000 гаруй айл өрх, албан байгууллагын дулааны хэрэгцээг хангахаар болж байна.

Монгол Улсын Их Хурал төслийг амжилттай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталж байлаа. Түүнчлэн тухайн үеийн Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн банк, Гаалийн Ерөнхий газар, ИХШХЕГ, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв” зэрэг төрийн олон байгууллагуудын сайн уялдаа, дэмжлэг оролцоогоор энэ ажил хугацаандаа бүтсэн байна. Энэ бүтээн байгуулалт нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байгаа төдийгүй цаашид томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

348 МВт (300 Гкал/ц) хүчин чадалтай тус станцын нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт:

Салбарын түүхэнд чухал үйл явдал болж байна. Энэхүү дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтад оролцсон Монгол, Хятадын холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье. “Амгалан” дулааны станцын төслийг М.Сономпил гишүүн эхлүүлж, төсөл хэрэгжихийн өмнөх бэлтгэл ажилд Нийслэлийн удирдлагууд ихээхэн дэмжиж оролцсон, энэ мэтчилэн олон байгууллагын оролцоотойгоор төсөл амжилттай хэрэгжээд байна. “Амгалан” дулааны станц 60.000 орчим айл өрх, 700-аад орон сууцыг дулаанаар хангах боломжтой. Станцыг  орчин үеийн, байгальд ээлтэй техникээр тоноглож, технологи нэвтрүүлсэн. Анх удаа нүүрс хадгалах битүү барилга байгууламжтай болж, нуруулдан овоолох аргыг ашиглаж байгаа нь манай салбарын хувьд дэвшилтэт шийдэл болсон.

Ийнхүү "Амгалан" дулааны станцын нээлтийн ёслол болсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдон, цаашид шинээр орон сууц барих боломж бүрдэж байгаа юм байна. Түүнчлэн нийслэлийн дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС-4” ТӨХК-ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах ач холбогдолтой.