Улсын их хурал

З.Энхболд : Аливаа байгууллага ажиллагсдын тоонд дүйцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлаар хангах үүрэгтэй

М.Энхмаа
2015-11-30 04:27

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Сэргээн засалт, хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулганыг зохион байгууллаа.

Чуулганы эхэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудалд төр засгаас онцгой анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хуулийн төслүүдийг хэлэлцэж байгааг танилцуулсан байна.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд үндэсний II чуулганы нээж үг хэлсэн байна. Тэрээр :  

21-р зууны хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дан ганц халамж, асрамж шаарддаг хүмүүс биш жирийн иргэдийн нэгэн адил сурч боловсорч, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бололцооны хэрээр оролцох чин хүсэлтэй хүмүүс юм.

Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг үндсээр өөрчлөх шаардлага зүй ёсоор гарч байна. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авьяас сонирхол, чадварт нь суурилсан сургалтад хамруулж мэргэжил олгох улмаар мэргэжлээр нь ажиллах тогтвортой ажлын байр бий болгох асуудлыг тэргүүн зэрэгт шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг хуульчилж төрийн болон аж ахуйн нэгж байгууллага ажиллагсадын тоонд дүйцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлаар хангах үүрэгтэй ч хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах талаар санаачилга гарган ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг эдийн засгийн хөшүүргийг хуульчлах нь зүйтэй гэж үзэж байна.

Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 2008 оны 12 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг УИХ-аар соёрхон батлуулахад оролцож байсан. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адил эдэлж нийгмийн бүхий л харилцаанд орох боломж баталгаажсан юм.

Энэхүү Конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дээдэлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас холбогдох яам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулж, өргөн бариад байгаа. Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”, “Хөдөлмөрийн тухай, “Баялгийн сангийн тухай” хуулиудын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж энэ Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.