Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хоёр сорилтын нэг нь уур амьсгалын өөрчлөлт

М.Энхмаа
2015-12-01 01:35

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалт, хуралдаанд оролцож үг хэллээ.


 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж :

Өнөөдөр хүн төрөлхтөнд дэлхий нийтийг хамарсан томоохон, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хоёр сорилт тулгарч байна. Нэгдүгээрт, газар авч эрчимжиж буй терроризм. Хамгийн сүүлийн жишээ, Франц Улс саяхан терроризмын хохирлыг амслаа. Бид Францын ард түмэнтэй хамт байна гэдгээ дахин нотолж байна. Хоёр дахь том сорилт нь дэлхий нийтийн уур амьсгалын тогтворгүй өөрчлөлт. Түүний хохирогч нь эх дэлхий, нийт хүн төрөлхтөн болоод байна.

Зөрүүтэй саналаа хойш тавибал бид амжилтад хүрнэ. “2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт”-оо бид Нью-Йорк хотноо баталж чадсан шүү дээ. Нийт хүн төрөлхтний  сайн сайхны төлөө үүрэг амлалт,  хариуцлагаа бид дахин нотолж чадна гэдэгт итгэж байна.

Үүрэг амлалтаа цэгнэн дүгнэж, дахин нэг нотолцгооё. Үүрэг хариуцлагаа тодорхойлъё. Оруулах хувь нэмэр, бодит боломж бололцоогоо бүгдээрээ дайчилцгаая.

Нэгдүгээрт: САНХҮҮЖИЛТ. Хангалттай хөрөнгө санхүү, техникийн туслалцаа дэмжлэггүй шийдэмгий ямар ч зорилт бүрэн хэрэгжих боломжгүй.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Гэтэл сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр хэвээр байна. Багаар тооцоход л түүний өртөг чулуужсан түлшнээс гаргах эрчим хүчний үнээс дөрөв дахин илүү байна. Тиймээс хамтарсан хөрөнгө оруулалт, хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө нөөц бололцоо, боломжоо нэгтгэцгээе.

Хоёрдугаарт: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ. Зорилгоосоо дахин ухарч, урам зоригоо дахин мохоохгүй байхыг би уриалж байна. Энэ удаа бид тохиролцоонд хүрч чадна гэдэгт найдаж байна. Бидний үүрэг амлалт өндөр хариуцлага дагалдуулах учиртай. Хариуцлагаа тодоор бичээгүй бас нэг баримт бичгийг бид төлөөлж буй хамтын нийгэмлэг дахин хүлээж авахгүй. Тиймээс хариуцлага, хариуцлага, улам бүр  хариуцлагатай байхыг онцолж байна.

Гуравдугаарт: НЭГ ХҮНД НООГДОХ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛ. Нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг тогтоож байх саналыг дэвшүүлж байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг хянан тогтоож, түүнд нийцүүлэн хэрэгжүүлэх бодлого, ажлаа тодорхойлоход дөхөм болно. Энэ нь хариуцлагыг нэмэгдүүлж, ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр татвар төлөх шударга ёсыг хангана.