Нийт нутгийн 40 орчим хувьд өвөлжилтийн байдал хүндрэх эрсдэлтэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнг хэлэлцээд холбогдох арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Хуралдаанд Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар танилцуулсан байна.
Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар : Энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Мөн нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа. 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна.
Эрсдэл ихтэй байгаа дээрх газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
Өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнг хэлэлцээд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
- Отроор өвөлжих өрхийн тоо 2,2 мянга, малын тоо 1,5 сая толгойгоор нэмэгдэж байгаатай холбогдуулан отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
- Авто замын засвар, арчлалтын компаниудын гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэх
- Орон нутагт дулааны үнэ нэмэгдсэн, байгууллагын халаалтыг нийтийн халаалтад шилжүүлснээс үүдэн үүссэн зардлын зөрүү, түлш, халаалтын өрийг зохицуулж, шийдвэрлэх
- Булган аймгийн төвийн дулааны халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
- Увс аймгийн төв, Өвөрхангайн Бүрд, Гучин-Ус, Хужирт суманд аваарийн дизель станцын техникийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авах
- Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилтийн байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах
зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.