“Халх гол” чөлөөт бүс байгуулахтай холбоотой 3000 өргөдөл иржээ
УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Халх гол” чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолын талаар ирүүлсэн 3000 өргөдлийн дагуу ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийн дараа гишүүд “Халх гол” чөлөөт бүстэй холбоотой асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Ж.Батзандан: Чөлөөт бүс байгуулах талаар нутгийн иргэд, олон нийтийн байгууллагын саналыг сонсоогүй тул маш их эсэргүүцэлтэй тулгарч байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум чөлөөт бүс байгуулъя гэсэн санал тавьсан. Бусад аймгаас ч ийм санал гаргадаг. Гэтэл яагаад заавал эсэргүүцээд байгаа Халхголд чөлөөт бүс байгуулах гээд байгааг ойлгохгүй байна. Чөлөөт бүс бгуулах асуудлыг яаралтай оруулж ирээд нутгийн иргэдэд чөлөөт бүсийн тухай ойлголт өгөөгүй учраас эсэргүүцэлтэй тулгарч байна. Чөлөөт бүс байгуулж, иргэдээ ажлын байртай болгох энэ саналыг монгол хүн бүр дэмжих байх
. Гол нь иргэддээ ойлгуулах хэрэгтэй.
Р.Бурмаа: Чөлөөт бүс байгуулах долоон шалгуур үзүүлэлт байдаг. Халх гол эдгээр шалгуурыг хангаж байгаа юм. Нутаг орон нь дэмжээд, хүсэлтээ гаргавал чөлөөт бүс байгуулах боломжтой. ХАА-н чөлөөт бүс нэг биш олон байх хэрэгтэй. Дараа нь бусад аймагт чөлөөт бүс байгуулах боломжтой. Орон нутгийн иргэдийн эрх ашгийг дээдлэх нь чухал. Гэхдээ ХАА-н чөлөөт бүстэй болсноор тэдний эрх ашиг зөрчигдөхгүй. Орон нутагт амьдарч бгаа иргэдэд илүү үр дүнтэй ажил болно. Ажлын байр олноор бий болох зэрэг олон талын сайн талтай.
М.Батчимэг: Хүмүүс тусгай бүсд газар авчихаад баахан эрх мэдэлтнүүд дур зоргоороо хуваарилаад хүний өмч болчихвы гэж эмээж байна. Дорнодын үр шимтэй хөрсийг экологийн тогтоцыг нь хадгалаад Монгол оронд МАА, газар тариалангийн бүс болгоод явах нь зөв гэж үзэж байна. Иргэдийн гомдол гаргаж байгаа шалтгааныг тодруулмаар байна. Зөвхөн Дорнод аймагт төдийгүй Улаанбаатарт дээрх асуудлыг эсэргүүцсэн иргэд байгаа. Тиймээс иргэдийг мэдээллээр бүрэн хангах нь чухал.
Р.Бурмаа: Чөлөөт бүс байгуулах тогтоол цуцлагдвал энэ газар нутаг уул уурхайн хайгуулын лицензэд очно
. Зарим гишүүд ХАА-н органик бүс болгоё гэж санаачилсан байсан. Гэвч хуулинд тийм нэр томьёо , заалт байхгүй. Чөлөөт бүсийн 500 мя.га газар нь тусгай хамгаалалтад байсныг зарим гишүүд цуцлах санал гаргасан байна. 500 мя.га газрын 30 мя.га-г ашиглахыг ЗГ зөвшөөрсөн. Гэвч орон нутгаас 200 мя.га газрыг ААН-үүдэд өгсөн байна.
Ж.Батзандан: ХАА-н чөлөөт бүсийг хөгжүүлэхийг дэмжиж байгаа. Харин хаана, хэзээ гэдэг нь чухал асуудал. Чөлөөт бүс жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаа. Тиймээс ХАА-н чөлөөт бүс бусад чөлөөт бүс шигээ дампуурчихгүй байх нь чухал.
М.Батчимэг: Иргэд Халх голын чөлөөт бүсийг Алтанбулаг, Зам-Үүдийн чөлөөт бүсээр төсөөлж, гадныханд алдах нь гэсэн айдастайн улмаас эсэргүүцэж байна. Шаардлагатай гэвэл газрын тухай болон холбогдох хуульд нэмэлт оруулах нь зөв. Газар нутаг, хөрсөө хамгаалах нь үндэсний хэмжээний бодлого гэж харах хэрэгтэй. Р.Бурмаа сайдыг Халх гол суманд очиход оруулахгүй байсанд харамсаж байна. Тэнд Засгийн газар очсон. ЗГ-аа оруулахгүй байна гэсэн. Засгийн газартаа хайнга хандаж байгаа энэ байдалд хэн ч, юу ч хэлж ярихгүй байгаа нь буруу.