Улсын их хурал

Монгол улсын 2016-2030 оны хөгжлийн үзэл баримтлалд иргэдийн саналыг тусгана

М.Энхмаа
2015-12-03 02:21

УИХ-ын даргын 2014 оны 60 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт нам, эвслийн бүлэг, бие даагчдын төлөөлөл 15 гишүүн болоод мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт  Засгийн газрын бүх яамдын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон баг ажиллаж Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг гарган эхний шатны ажил дуусгавар болсон байна.

Үүний дараа УИХ-ын даргын 2015 оны 137 дугаар захирамжаар ажлын дэд хэсгийг шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэд, бодлого судлаачид, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн төлөөллийг оролцуулан ажиллан “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” төслийг боловсруулжээ. УИХ-аас “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” тогтоолын төсөлд санал авахаар  Засгийн газарт 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн аж.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулсан бөгөөд иргэдийн саналыг авч төсөлд тусгах зорилгоор  www.parliament.mn веб хуудсанд төслийг байрлуулжээ.

Та “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай”  тогтоолын төсөлтэй холбоотой саналаа өгөхийг хүсвэл [email protected] , [email protected] , [email protected]  цахим шуудангийн хаягаар  холбогдоорой.