Засгийн газар

Улаанбаатар хотод анх удаа зөвлөлдөх санал асуулга явуулна

М.Энхмаа
2015-12-03 05:19

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү санал асуулгаар УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу нийслэлээс хэрэгжүүлж буй урт хугацааны томоохон 14 төсөл, хөтөлбөрийг иргэдэд  танилцуулж, санал авах ажээ. Санамсаргүй байдлаар сонгогдсон 1500 иргэн судалгаанд хамрагдаж, тэднээс түүвэрлэн сонгогдсон  400 хүн энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Зөвлөлдөх санал асуулга” хэлэлцүүлэгт оролцож, тодорхой асуудлаар иргэдийн дуу хоолойг нийслэлийн удирдлагуудад хүргэх юм байна.

Зөвлөлдөх санал асуулгаар дараах төслүүдийг иргэдэд танилцуулж, санал авах ажээ

- Улаанбаатар метро

- Туул усан сан цогцолбор

- Туулын хурдны зам

- Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк

- Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк

- Эко парк байгуулах

- Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах

- Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт

- Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах

- “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах

- Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах

- Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах

- Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах