М.Зоригт: 21 аймгийн 16 нь нийслэлтэй автозамаар холбогдоод байна
Энэ долоо хоногийн Сайдын цаг уулзалтад Зам, тээврийн сайд М.Зоригт оролцлоо.
Зам тээврийн сайд М.Зоригт :
Салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Төмөр замын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг үзэл баримтлалын дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барихаар зэхэж байна. Тус салбарт хууль эрхзүйгээс гадна бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал, агаарын тээврийн чиглэлээр БНСУ-ын талтай Улаанбаатар Бусаны чиглэлд Боинг агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр тохирсон.
2017 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас 2.9 хувиар илүү явагдаж байна. АСЕАМ-ын зочдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөн сайжруулах ажлыг хийж, шинээр 9 агаарын хөлгийн нисч буух зурвасын 500 м бетон хэсгийн хүчитгэл мөн транзит заалны өргөтгөлийн ажлыг хийж ашиглалтад оруулаад байна.
Энэ онд шинээр эхлэх 488.5 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажлыг эхлүүлэхээс 245.18 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 нь нийслэлтэй автозамаар холбогдоод байна.
Өчигдрөөс Улаанбаатар Эрээний чиглэлд тохилог автобус үйлчилж эхэлсэн. Мөн БНСУ-ын Экзим банкны бага хүүтэй зээлээр нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн компаниудын парк шинэчлэлтийг хийж том, дунд оврын 300 автобусыг оруулж ирэхээр болсон.
Улс болон хот хоорондын зорчигч тээврийн бүртгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор 930 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулах ажил 90 хувьтай явж байна
.
Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 445 км төмөр зам барих ажлын хөрөнгө оруулалтад Японы хамтын ажиллагааны банк оролцохоор санамж бичигт гарын үсэг зурсан байна.