Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах дэлгүүртэй боллоо
ХААИС болон харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийн оюуны бүтээлийг худалдах инновацийн бүтээгдэхүүний дэлгүүрийн нээлт өнөөдөр боллоо. Дэлгүүрт мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, ургамал хамгаалал, инженер технологийн чиглэлийн 66 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж эхэллээ
. Дэлгүүрийг ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлийн дэргэдэх Инноваци, бизнес хөгжлийн төвөөс санаачлан нээж байгаа аж. Ингэснээр эрдэмтдийн оюуны бүтээл цаасан дээр үлддэг гэсэн ойлголт ард хоцорч, судалгааны үр дүн бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтрэх боломж нээгдэж байгаа
юм.
Дэлгүүрт нэг наст болон олон наст тэжээлийн ургамлын үр, малын эрдэст тэжээл, бэлчээр, тариалангийн талбайг хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах ургамал хамгааллын экологийн бодисууд, малын төрөл бүрийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх эм, био бэлдмэл, оношлуур мөн ХААИС-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүний цехэд үйлдвэрлэсэн цөцгий, тараг, хиам зэргийг худалдаж байна.
ХААИС нь дэргэдээ таван гарааны компани байгуулан ажиллаж байгаа бөгөөд нэг нь био нүүрс үйлдвэрлэн Оюутолгой компанид нийлүүлж байгаа
аж. Энэ мэтээр ХАА-н салбарын эрдэмтэд импортыг орлох, экологид ээлтэй техник, технологиудыг бий болгож үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтлүүлсээр ирсэн. Зөвхөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид л гэхэд жилд дунджаар малын төрөл бүрийн өвчнийг оношлох оношлуур, эмчлэх эм, био бэлдмэлийн 10 орчим технологи бий болгодог
байна.