С.Эрдэнэ : Энэ хуулиар нэгэнт бий болчихсон мөнгөн хуримтлалыг гэр бүлийн хүнд нь өвлүүлнэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн жилийн турш яригдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Энэхүү хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх бөгөөд хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх хэдэн жилийг хамруулахыг Засгийн газраас журам гарган шийдэх юм байна.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ :
Энэ хууль маань ахмад настан, ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг бүхэлд нь шийдэх хууль биш. Аль нэг хуулиар нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулах боломж байхгүй. Тухайн хууль хэрэгжиж байгаа салбарынхаа асуудлыг шийдээд явдаг. Ийм л зохицуулалттай. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа ахмадуудад энэ хууль онцгой ач холбогдолтой.
Өнөөдөр тэтгэвэр авч байгаа ахмадуудын маань дийлэнх нь тэтгэврээс өөр орлогогүй байгаа. Өнөөгийн нөхцөлд тэтгэврийг бүхэлд нь нэмэх боломж байхгүй. Та бүгд тэтгэвэр дээр улстөржих хэрэггүй. Уг хуулиар нэн тэргүүнд шаардлагатай байгаа ахмад настны нийгмийн хамгааллын маш том бодлого болж гарч ирж байна гэж харагдаж байна. Хамтран амьдарч байгаа хоёр ахмадын маань хэн нэг нь бурхан болоход үлдсэн ахмадын хувьд нийгмийн хамгааллын бодлого дутмаг байдаг. Мөн сэтгэлзүйн болоод эдийн засгийн маш том эрсдэл хүлээдэг. Үүн дээр төрөөс бодит дэмжлэг үзүүлэх боломж хомс байгаа. Ийм цаг үед нэгэнт бий болчихсон мөнгөн хуримтлалыг нь гэр бүлийнх нь хүнд нь өвлүүлэхээр энэ хуулийг санаачилсан юм. Тэрнээс биш амьд сэрүүн байгаа ахмадуудын тэтгэврийг нэмэх гээгүй. Хуулиараа дундын санд хураагдаад явдаг мөнгийг гэр бүлийнх нь хүнийг амьдрах хугацаанд нь өвлүүлэх зорилготой хууль
.