Нийгэм

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оноос 2.5 хувиар өсчээ

М.Энхмаа
2015-12-04 01:55

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, технологийн төвөөс улсын хэмжээнд 2015 оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны хэргийн зөрчлийн талаарх статистик мэдээ гаргажээ.

2015 оны эхний 11 сарын байдлаар Цагдаагийн байгууллага нийт 428708 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Үүнээс 87004 гэмт хэргийн шинжтэй, 102685 зөрчлийн шинжтэй, хамгийн их буюу 233976 утсаар холбогдсон дуудлага мэдээллийг шийдвэрлэжээ. Харин үлдсэн 5043 гомдол мэдээлэл хараахан шийдвэрлэгдээгүй байгаа юм байна.

Улсын хэмжээнд нийт 25536 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 611 хэргээр буюу 2.5 хувиар,  нийслэлийн хэмжээнд 866 хэргээр буюу 5.6 хувиар тус тус өсчээ. Орон нутагт бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтаас үзэхэд Ховд аймаг хамгийн өндөр өсөлттэй байгаа бол Завхан аймаг буурсан үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтаараа Багануур дүүрэг хамгийн өндөр өсөлттэй байгаа бол Багахангай дүүрэг буурсан үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа аж.