Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзнэ
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар шинэчилсэн Эрүүгийн хуулийг хэлэлцэж баталсан. Энэхүү хууль батлагдсанаар эрүүгийн хуульд агуулгын шинжтэй олон өөрчлөлт хийгдсэн байна.
Шинэ эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн төрөлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”-ийг оруулжээ
. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэхээр болж байгаа юм байна.
Энэ хуулинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 1-6 сар хүртэлх хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл 7 хоногоос 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр тусгажээ. Мөн тус гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, эсвэл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн бол 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах юм уу 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.