С.Эрдэнэ : Миний нэр дээр ямар ч тауэр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
1-рт Солонгосын ямар нэгэн банкинд хадгаламж байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
. Хэрвээ байгаа гэж үзэж байгаа бол энэ асуудлыг шалгадаг газраар нь шалгуулж болно.
2-рт Шонхор тауэрт миний нэртэй ямар ч тауэр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Манай ах дүү хамаатан садантай холбоотой барилга байгаа юу гэвэл байгаа. Тэр ах дүү, хамаатан садны нэр дээр байдаг барилгыг надад хамаатай болгож наагаад байх улс төрийн зорилго байгаа бол түүнийгээ илэрхийлнэ биз. Таныг ч гэсэн генералуудад барьсан байшинтай чинь холбоод яриад байвал та дуртай байхгүй л байх. Сонгууль дөхсөн энэ үед хэн нэгнийгээ эрээ цээргүй гүтгэдгээ боливол яасан юм бэ.
Мөн байршуулсан мөнгөнөөс шагнал авдаг гэсэн. Энэ шагнал авсан ганц нэг тохиолдол гарч байсан. Тухай бүрд нь арга хэмжээ аваад явсан. Нийгмийн даатгалын байгууллагын 1500 гаруй ажилтныг харлуулаад өнөөдөр улсын төсвийн ¼-тэй тэнцэх хэмжээний шимтгэлийн орлого төвлөрүүлээд тэр хэмжээний үйлчилгээ үзүүлж байгаа бүх хүмүүсийг авилгачин мэтээр ярьдаг чинь ёс зүйгүй аашилж байгаа хэрэг
. Бүхэл бүтэн салбарын нэр хүндийг унагаасан, цаашлаад төрийн нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл ярьж болохгүй. Та шударга байж болно. Гэхдээ асуудлыг баримт нотолгоотой тавих хэрэгтэй.
Арилжааны банктай үгсэн хуйвалддаг гэж байсан ямар банктай хуйвалдсан гээд байгаа юм бэ? Үүнийгээ нотлооч. Нэг тийм таамаг, хардалга маягаар асуудлыг гаргаж тавьж болохгүй гэдгийг та мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Та УИХ-ын чуулганы танхимыг ашиглаад бүх л бүтэн салбарын нэр хүндийг унагасан худлаа гүтгэлэг хийдгээ одоо боль
. Намайг гутааж болно. Харин төрийн өмнө тангараг өргөөд ажиллаж яваа ажилтнуудыг битгий гутаагаач.