Улсын их хурал

З.Энхболд: Бодлогын зөвлөл байгуулагдсанаар гишүүд эрх ашгаараа бус мэргэжлээрээ фракцална  

М.Энхмаа
2015-12-07 02:51

АН-ын дарга З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар “Ийгл” телевизийн “Бид” нэвтрүүлэгт оролцжээ. Тэдний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

-Одоогоос 15 жилийн өмнө таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулахад та Ерөнхий нарийн бичгийн даргаар нь сонгогдож байсан. Харин өнөөдөр Ардчилсан намын дарга. Тиймээс 15 жилийн тэртээх тэр үеийг дурсамжаас яриагаа эхэлье?

З.Энхболд : Ардчиллын төлөөх намууд 1989, 1990 онд байгуулагдсан. 2000 онд бид УИХ-д 50 суудалтай байснаас хоёр суудалтай болтлоо ялагдсан. Тэр ялагдлын дараа ардчиллын төлөөх намууд нэгдэх нь зүйтэй гэж үзээд 2000 оны 12-р сарын 6-нд Ардчилсан намыг байгуулж байв. Ардчиллын төлөөх намууд нэгдэж нэг нам болсны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэр үед одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг намын даргаар, намайг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, Төрийн ордонд хурал хийж байсан. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн байна. Мөн Ардчилсан хувьсгал үүссэний 26 жилийн ой энэ сарын 10-нд тохиож байгаа. 12-р сард манай намын тэмдэглэлт өдрүүд тохиодог юм.
-Парламентад хамгийн олон суудалтай намын удирдлагуудтай ярилцаж байна. Өнгөрсөн хугацаанд эрх барьж байгаа нам маань ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Өмнөх парламент болоод Засгийн газраас ялгаатай зүйлүүд юу байна вэ?

З.Энхболд Бид ойгоо угтаж албан хэрэгцээнд зориулж гарын авлага хийсэн. Энэ гарын авлагадаа хийсэн ажлуудаа тодорхой харьцуулалт, инфографикаар харуулсан байгаа. Хийсэн ажил болгоноо тайлагнаж ярина гэвэл сонины зай талбай хүрэлцэхгүй. Бид сонгуульд орохдоо тодорхой зүйл амлаж орсон. Амлалт, биелэлтээ ард түмэндээ тайлагнаж Монгол улсын бүх сум, дүүрэгт иргэдтэй уулзалт хийгээд явж байгаа. УИХ-ын хамгийн олон суудал буюу 35 суудлыг бүрдүүлж байгаа ч харамсалтай нь Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломжийг ард түмэн олгоогүй. 15 аймаг, 190 суманд ялалт байгуулсан амжилттай. Бидний нуруун дээр байгаа хариуцлага туйлын их. Хамгийн наад захын жишээ гэвэл засмал замаар долоон аймаг холбогдсон байна. Орон сууцны найман хувийн зээлээр 75 мянган өрх орон сууцтай болсон гээд тоон үзүүлэлтээр үзүүлбэл маш их юм байна.

Энэ гурван жилд ямар сөрөг юм гарсан гэвэл манай улсаас дэлхийн зах зээлд гардаг бүх бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30, хамгийн ихдээ 300 хувиар унасан. Уул уурхайгаас хараат байсан Монгол улсын эдийн засаг хатуухан газардах байсан. Гэхдээ бид “Чингис” бонд болоод бусад олон санхүүгийн хэрэгслээр уул уурхайгаас хараат бус болгож чадлаа. Тиймээс эдийн засгийг зөөлөн газардуулж байна. Дэлхийд ч уул уурхайн салбар зогссон. Эндээс манай эдийн засаг боломжийн гэж дүгнэхээр байгаа.

Ер нь МАН-ын Засгийн газар, манай Засгийн газрын ялгаа шууд харагдаж байгаа. МАН-ын Засгийн газар байхгүй байсан мөнгийг зээлээд 21 мянган төгрөгөөр ард иргэдэд тараасан. Нийтдээ 2.1 их наяд төгрөг. Харин бидний дэлхийн зах зээлээс босгосон “Чингис” бондын хоёр их наяд төгрөгөөр засмал зам, цахилгаан станц, орон сууцны хороолол, 1084 үндэсний компанид зээл олгосон гээд олон зүйлд зарцуулсан байна. Үүний үр дүн ойрын хэдэн жилд гарч эхэлнэ. Импортолдог бараа бүтээгдэхүүний тоо буурч байна. Экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний тоо нэмэгдэж уул уурхайгаас бусад төрлийн зүйл экспортолж байгаа гээд ялгаатай зүйлүүд их. Түрүүчийн Засгийн газрын сайнаар эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрээгүй. Оюу толгойд орж ирсэн дөрөв, таван тэрбум ам.доллараас л хамааралтай. Ер нь, уул уурхайгаас хамааралтай эдийн засаг болохгүй байна гэдэг дохиог олон жилийн өмнөөс өгсөн. Үүнийг МАН-ынхан авч үзээгүй. Харин бидний үед хүссэн хүсээгүй нүүр туллаа. Асуудлыг бид тэгж л шийдэж байгаа.

-Эдийн засаг нэлээд солонгорч эхэллээ. Энэ солонгорох явцад уул уурхайн эзлэх хувь нэлээн багасах уу?

З.Энхболд : Солонгорох явц нэлээн гүнзгийрнэ. Уул уурхайн экспорт хэвээрээ байна. Гэхдээ уул уурхайн бус экспорт нэмэгдэхийн хэрээр уул уурхайн эзлэх жин буурна гэсэн үг.

-Ардчилсан нам 2012 онд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж сонгуульд орсон. Мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байна вэ?

Л.Эрхэмбаяр : 2012 онд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөрөө намын ажлын хэсэг дүгнээд дуусч байна. Урьдчилсан дүгнэлтээр 85 хувийн биелэлттэй гэсэн дүн гарсан. Өмнөх Засгийн газар гурван сая иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр өгсөн. Нийтдээ  гурван их наяд төгрөг. Манай нам 1.5 тэрбум ам.долларыг “Чингис бонд” нэртэйгээр босгож бүтээн байгуулалтад зарцуулсан. Энэ хоёрыг харьцуулаад үзэхэд МАН-ынхны тараасан мөнгөнд үзье гэсэн ч үнс байхгүй. Харин АН-ын хувьд хийсэн ажилтай, хэлэх үгтэй байгаа. Жишээ нь, 2012 оноос өмнөх 15 жилийн хугацаанд 10-аад мянган өрх зээлээр орон сууцанд орсон. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд 75 мянган айл өрх орон сууцанд орсон байгаа гэх мэтээр яривал, бас олж харвал их ажил бий.

- Ер нь Ардчилсан нам тэмдэглэлт баярыг баярлаж биш бүтээж тэмдэглэнэ гэсэн шинэ хандлагыг бий болгож байх шиг?

З.Энхболд : Жил бүрийн 12-р сарын 6-нд Ардчилсан нам юу хийдэг байсан бэ гэвэл бөх барилдуулж, концерт тоглуулж, баярын хурал хийдэг байсан. Энэ удаа Эрхэмбаяр дарга бид хоёр ярьж байгаад амжилт бүтээлээ сурталчлах хэлбэрээр ойгоо тэмдэглье гэж шийдсэн. Өнөөдөр /өчигдөр/ Төрийн ордонд “Ардчилсан хувьсгал 25- Бүтээн байгуулалт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Мөн Увс, Архангай аймгийн “Гудамж” төслийн нээлтийг хийх нь Ардчилсан намын баярыг тэмдэглэж байгаа хэрэг. Хоёрдугаарт, улс орон даяар бензиний үнэ ойролцоо болж байна. Баруун, зүүн аймгуудад бензиний үнэ Улаанбаатарынхаас 200-400 төгрөгийн илүүтэй байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлээд Улаанбаатарынхтай ойролцоо болж байгаа. Яагаад гэхээр баруун, зүүн талын татварыг бууруулсан бол Улаанбаатарын болоод төвийн бүсээс авдаг татвар хэвээрээ.

-15 жилийн өмнө таван нам нэгдэж байж. Тэгвэл өнөөдөр нэг нам шиг ажиллаж чадаж байна уу. АН-ыг олон фракцтай гэдэг. Та фракцгүй нам болсныг зарласан?

З.Энхболд Таван намын угшлаа дагасан фракц амьдарсаар байгаа. Гэхдээ би асуудалд фракцгүйгээр хандаж эхэлсэн намын анхны дарга. Миний бодож олсон юм бол намын дүрэмд байдаг Бодлогын зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл нь яаж ажиллах вэ гэхээр үндсэндээ фракцуудыг орлоно гэж тооцож байгаа юм. Манай намын удирдах байгууллагын бүх гишүүдийг ажил мэргэжил сонирхлоор нь 12 чиглэлээр бодлогын бүлгэм болгож хуваана. Бодлогын бүлгэмүүдийн удирдлагуудаас бодлогын зөвлөл үүсэх юм. Тэгэхээр манай ҮЗХ-ны 228 гишүүн энэ чиглэлүүдэд хуваагдаж ажиллана. Бүлгэмүүдийнхээ дарга нарыг өөрсдөө сонгоно. Сонгосон бүлгэмийн дарга нь АН-ын дарга, генсек, Нийслэлийн намын даргатай нийлээд Бодлогын зөвлөл болж байгаа юм. Энэ зөвлөлийн хамгийн эхний хийх ажил юу вэ гэхээр 2020 хөтөлбөрөө дүгнээд, цаашид ирэх сонгуульд яаж орох вэ гэдгийг салбар бүрээр нь гаргах юм. Намын мөрийн хөтөлбөр боловсруулахад  хэдхэн хүнийг дайчлах бус бүх хүнийг оролцуулна гэсэн үг. Ингэж зөвлөл байгуулснаар АН бодлогын нам болж, төр засгийн хэрэгжих ажил болгож хувиргана. Үүний үр дүнд олон мянган км зам баригдана, олон айл өрх орон сууцанд орох зэрэг ажлын хэрэгжилт манай намын зорилго байх болно. Жижиг сажиг муудалцдаг зүйл эцэс болно.

-Улс төрийн намыг мэргэших шаардлагатай, мэргэжлийн байх ёстой гэсэн шаардлагууд тавигдах болж. Тэгэхээр АН үүнийг эхлүүлж байна гэж ойлгож болох уу?

З.Энхболд : Бусад намд ч ойролцоо бүтэц байдаг байх. Гэхдээ бид энэ ажлаа маш чадварлагаар хийнэ, тийм цаг нь болчихож. Манай намд олон сайн хүн байна. Тэр хэдийгээ хэрхэн ашиглах тухайгаа бодож олоогүй явжээ. Дүрэм, журамд байгаа зүйлийг л хийж байна.

- Бодлогын зөвлөлд жирийн гишүүд орж болох уу. Эсвэл зөвхөн ҮЗХ-ны гишүүд байх уу?

З.Энхболд : Эхлээд ҮЗХ-ны гишүүдээ хамрууллаа. Энэ сарын 15 гэхэд ҮЗХ-ны гишүүд Бодлогын зөвлөлдөө хуваагдчихна. Бодлогын бүлгэмүүд үйл ажиллагаагаа хэрхэн авч явах нь тэдний өөрсдийн асуудал. Даргаа өөрсдөө сонго, хуралдаанаа яаж хийх, жирийн гишүүдээ хэрхэн оролцуулах гэх мэтээр өөрсдөө шийд. Би үйл ажиллагаанд нь оролцохгүй. Харин тодорхой хугацаанд бүлгэм болгоноос нэг хүнийг дуудаж Бодлогын зөвлөлийн хурлаа хийнэ. Маш хялбархан, ардчилсан бүтэц.  

-Фракцгүй болж байгаагаа зарласан. Тэгвэл одоо мэргэжлээрээ фракцлаад эхлэх юм биш үү?

З.Энхболд: Тэр нь сайн гэж үзэж байгаа. Жишээлбэл эрүүл мэндийн салбарын хамгийн сайн бодлого олон эмч оролцсон тэр фракцаас л гарна. Боловсролын салбарынх багш нараас, хуулийн хамгийн сайн бодлого хуульчдын фракцаас л гарна гэсэн үг.

Л.Эрхэмбаяр : Нэг хүн бүх салбарын талаар яриад явдаг байхаа одоо болъё гэж байгаа. Мэргэшиж, мэддэг хийж чаддаг зүйлээрээ олон нийтэд зөв мэдээллийг өгч байя гэж байгаа юм.

-Одоо улстөрчид аливаа асуудлыг мэдэхгүй хэрнээ мэддэг юм шиг ярьж нийгэмд буруу ойлголт өгөөд байна гэж шүүмжлэх болсон?

З.Энхболд: Тэгэхээр цаашид мэргэшсэн улстөрчдөд илүү их итгэнэ гэсэн үг.

-Барууны жишээг харахад аль нэг намын Бодлогын зөвлөлд орох гишүүдээ жирийн иргэдийн саналыг харгалзаж үзээд сонгочихдог. Энд иргэдийн саналаар орж ирсэн хүмүүс цаашаа улс төрд орох, нэр дэвшихэд амар байдаг жишээ бий?

З.Энхболд Америкийн жишээг би сайн мэднэ. Америкийн жирийн иргэдэд намын гишүүний үнэмлэх байхгүй. Гэхдээ “Би энэ сонгуулиар Ардчилсан нам эсвэл Бүгд найрамдах намыг дэмжсэн” гээд сонгуулийн хороондоо бүртгүүлчихдэг.  Сонгуулийн хороонд бүртгүүлсэн хүн дэмжсэн нам дээрээ очоод тухайн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдгийг шийдэх намын доторх сонгуульд оролцдог. Манай нам ч 2000 онд байгуулагдахдаа яг ийм намын дотоод сонгуультай байсан. Гэхдээ технологийн шийдлээ олж чадахгүй байсаар дунд шатны байгууллага руугаа эрхээ шилжүүлсэн юм. Одоо фэйсбүүк, твиттер бусад технологи гарч ирсэн, үндсэндээ сонгуулийг нэг ч төгрөгийн зардалгүй хийж болж байгаа учраас дүрмийнхээ өөрчлөлтийг тэр чиглэл рүү эргүүлбэл яасан юм гэж байгаа. Бодлогын зөвлөлдөө үүрэг өгч байгаад үүнийг хийлгэнэ. Яаж хийх вэ, яаж ил тод байх вэ. Тэгэхээр нийт намын гишүүдээсээ сонгогддог удирдах байгууллагууд зайлшгүй байх болчихоод байгаа. Манай намын байгууллагын удирдах зөвлөлийн сонгодог зарчим нь нутаг дэвсгэрийн хувилбар. Гэтэл 76 гишүүнийг нутаг дэвсгэрийн зарчмаар сонгохоо больж 28 гишүүнийг нь намын нэрээр сонгодог болсон. Тэгэхээр эхний ээлжинд дүрмийн өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг үүргийг Бодлогын зөвлөлдөө өгөөд харгалзсан бүлгэм нь надад зөвлөмжийг нь ирүүлэх ёстой. Би ганцаараа өөрчлөхгүй, хамгийн сайн экспертүүдийг урьж ажиллуулна.

-Намын бодлогын зөвлөлийн схемийг таницлуулахгүй юу?

З.Энхболд: Ер нь салбарын бодлого гэсэн үг. 1 Төрийн байгуулалт, аюулгүй байдал, гадаад бодлого, 2 Эдийн засаг, санхүү, худалдаа, 3 Хууль эрх зүй, 4 Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, 5 Үзэл суртал, соёл, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, 6 Боловсрол, шинжлэх ухаан, 7 Эрүүл мэнд, спорт, 8 Хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон хөгжилд, 9 Уул уурхай, эрчим хүч, 10 Аж үйлдвэр, мэдээллтийн технологи, 11 Барилга, хотын хөгжил, 12 Зам тээвэр, ложистик гэж байгаа.

-Шинэ залуу боловсон хүчин орж ирэх боломж нээгдэж таарах нь ээ?

З.Энхболд: Эхлээд нийгэмдээ танигд гэж байгаа. Үнэхээр мундаг хүн байвал намын гишүүн болоод хүрээд ир.

Л.Эрхэмбаяр: Бодлогын зөвлөлийн бүлгэмийн гишүүд маань байнга цугларч байдаг клуб болох юм. Цаашдаа хүний нөөцийн судалгаагаа хийж, бүртгэхдээ ч Бодлогын зөвлөлийн үйл ажиллагаанаас харж дүгнэдэг болно.

З.Энхболд: Энэ хүнд ийм ажлыг хариуцуулчихвал хийж чадах юм байна гэсэн итгэлийг авахын тулд ойролцоо ажил мэргэжилтэй хүмүүс дотроо танигд гэсэн үг. Тэр бүх ажил, санаа нийгэмд ил явагдана.  

-Улстөрч болох хүсэлтэй залуус хэн нэг даргыг дагаж улс төрд орж ирдэг. Одоо бол бүлгэмээр, мэргэжлээрээ яв гэсэн үг үү?

З.Энхболд: Бодлогод оролцсон оролцоог нь бид үнэлнэ.

-Сонгуулийн сурталчилгаа хуулиараа богино болж байгаа. Энэ нь залуусыг танигдах боломжийг хаачихаад байгаа шиг харагддаг?

З.Энхболд : Сурталчилгааны хугацаа гурван долоо хоног байсныг хоёр долоо хоног болгон оруулж ирсэн. Би бол энэ хугацааг бага байна гэж үзээд хуучнаар үлдээе гэсэн саналтай байгаа. Манай намын гишүүд ч Монгол шиг өргөн уудам нутагт тарж сууршьсан газарт хэцүү гэсэн саналыг хэлж байгаа. Хотожсон улс буюу Япон, Солонгост цөөн хоногт сурталчилгаа явагддаг. Энэ тал руу бид хэвийсэн. Гэхдээ гурван долоо хоногт бүх сумаараа орж амждаг.   

-АН-ынхан гишүүдээ эрх ашгаар нь бус мэргэжлээр нь фракцлуулах юм байна. Үүнийг хэрэгжүүлэх ажил АН-ын Хэрэг эрхлэх газарт оногдоно. Бэлтгэл ажил эхэлчихсэн үү?

Л.Эрхэмбаяр: Бодлогын зөвлөл, бодлогын бүлгэмүүд байнга хуралдаж байх боломжоор нь бид хангаж өгнө. Ялангуяа залуучууд өөрийгөө таних, өөрийгөө нийгэмд таниулах, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь хангаж өгөх ёстой юм. Залуучууд ч өөрсдөө Бодлогын зөвлөл рүү ороод нийгмийн харилцаанд орж өөрийгөө олон нийтийн дунд илэрхийлэх арга барилд суралцах хэрэгтэй. Бодлогын зөвлөл зөвхөн өөрийгөө таниулах эрхийг нь нээж өгөх бус бас суралцах боломжийг нь ч нээж өгнө.

-Дараа дараагийн сонгуульд АН ялалт байгуулахад Бодлогын зөвлөл хэнийг хаана томилох вэ гэдгийг шийднэ гэсэн үг үү?

Л.Эрхэмбаяр: Ер нь бодлогын зөвлөлөөс асуудал шийдэгдэнэ гэж ойлгож болно.