ШШГЕГ-ын хэмжээнд ял эдлэгчдийн 54.9 хувь нь өршөөлд хамрагдаад байна
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайланг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа. Өчигдөр Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдаж Өршөөлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой товч мэдээлэл хийсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 нь буюу 54.9 хувь нь Өршөөлийн хуульд хамаарагдсан
.
Үүнд :
- Гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн 1343 ялтан
- Эдлээгүй үлдсэн ялаас 2 жил нь хасагдаж 693 ялтан
- Нэмж нэгтгэсэн ялаас нь хассанаар 35 ялтан
хамаарагдаж нийт 2071 ялтан суллагджээ. Мөн ялаас нь хасагдаж үргэлжлүүлэн хоригдохоор 1600 ялтан өршөөлд хамрагдсан аж .
Өршөөлийн хуульд хамаарагдан суллагдсан нийт 2071 ялтны 1951 буюу 94.2 хувь нь эрэгтэй, 108 буюу 5.2 хувь нь эмэгтэй, 12 буюу 0.6 хувь нь насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд, 9 нь гадаад улсын харьяат байжээ.