Хууль

Ил тодын хуулиар 861 тэрбум төгрөгийн хөрөнгө ил болоод байна

М.Энхмаа
2015-12-08 05:52

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн тайланг танилцууллаа.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаас хойш хуулийн хэрэгжилтийг хангах, түүнийг олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэх www.iltod.mta.mn цахим хуудас ажиллуулан зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа ажээ. Хуулийг хэрэгжүүлж буй хувь хүн, хуулийн этгээдэд үйлчлэх төрийн албан хаагчдыг томилон холбогдох нууцын баталгааг гаргуулжээ. Үүнд татварын албаны хүрээнд 750 орчим улсын байцаагч, нийгмийн даатгалын 60 гаруй ажилтан, улсын бүртгэлийн 70 орчим албан хаагч, санхүүгийн 30 гаруй мэргэжилтэн, гаалийн 25 ажилтан ажиллаж байна.

Сангийн сайд Б.Болорын танилцуулснаар хуулийг хэрэгжүүлэх явцын үр дүнд ААН-ийн 861  тэрбум төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болж, 111 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Харин зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсон бөгөөд 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна.

Хуралдаанаар 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гаргасан зөрчлөө Ил тод байдлын тайлангаар мэдүүлсэн этгээдийн 2015 оны 2,3,4 дүгээр улирлын санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланд ил тодын тайлантай холбогдуулан өөрчлөлт орохоор бол уг асуудал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах тул хариуцлагаас чөлөөлж, хуулийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад үүрэг болгосон байна. Ил тодын тайланг энэ оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл авах юм.