Хууль

Өршөөлийн хууль хэрхэн үйлчилсэн бэ ?

М.Энхмаа
2015-12-08 10:04

Өнөөдөр Хууль зүйн байнгын хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайланг сонслоо.


 Шүүхээс хорих ял эдэлж байсан 1252 ялтныг суллаж, насанд хүрээгүй 312 хүүхдийг өршөөн хэлтрүүлж, 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, Эрүүгийн хүнд, хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн 338 хүний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Прокурорын байгууллагаас ял эдлүүлж байгаа хүмүүст Өршөөлийн хууль хэрхэн үйлчилсэн бэ ?

Прокурорын байгууллагаас хорих, баривчлах ял эдлүүлж байгаа 3794 ялтныг хамруулж үүнээс, бүрэн өршөөж сулласан 1370, эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн ялаа үргэлжүүлэн эдэлж байгаа  1713 ялтан байна.

Баривчлах, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан нийт 6974 ялтнаас 6308 нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ.

ШШГЕГ-ын хэмжээнд ял эдлэгчдэд Өршөөлийн хууль хэрхэн үйлчилсэн бэ ?

ШШГЕГ-ын хэмжээнд энэ оны 11-р сарын 04-ний өдрийн байдлаар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 буюу 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

Үүнээс гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн 1343 ялтан, эдлээгүй үлдсэн ялаас 2 жил нь хасагдаж 693 ялтан, нэмж нэгтгэсэн ялаас нь хасч 35 ялтан суллагдснаар нийт 2071 хүн өршөөлд хамрагджээ. Мөн ялаас нь 2 жил хасагдаж үргэлжлүүлэн хоригдохоор 1600 ялтан өршөөлд хамрагдсан аж .

Өршөөлд хамрагдсан нийт 2071 ялтныг дэглэмээр авч үзвэл, баривчлах ялтан 143, жирийн дэглэмийн 1492, чанга дэглэмийн 409, онцгой дэглэмийн 25, гяндангийн 2 ялтан суллагдсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс 28 этгээд дахин гэмт хэрэгт холбогдсон нь суллагдсан иргэний 1.4 хувь байна.  /хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2/ 

Жолооч нарт Өршөөлийн хууль хэрхэн үйлчилсэн бэ ?

Хуулийн хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх 81.451 иргэн мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Үүнээс 52.938 иргэний жолоодох эрхийн үнэмлэх олгох материалыг хүлээн авч, 45.630 жолоочийн үнэмлэхийг шинээр хэвлэн олгосон. Мөн лицензийн төвийн санд хадгалагдаж байсан 8795 жолоочийг үнэмлэхийг буцаан олгох үйлчилгээг үзүүлсэн.

Ял шийтгэл шийтгэгдсэн этгээдээс эрхээ хасуулсан санд бүртгэлтэй жолоочийн 896, жолоочийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй боловч шүүхээс эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 147 иргэний эрхийг тус тус сэргээгээд байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн теле камерын хяналтаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө нийт 204.741 зөрчлийг илрүүлснээс 93.479 зөрчлийн 821 сая төгрөгийн торгууль төлөгдөөгүй байсан. Мөн бэлэн бус хэлбэрээр 236.121 зөрчилд 2 тэрбум төгрөгийн торгууль нөхөн төлөгдөөгүй байсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хүчингүй болгожээ.