Засгийн газар

Европын холбоо Монгол улсад 2,15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн

М.Энхмаа
2015-12-09 02:16

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :

“ Монгол Улсын Засгийн газар бусад улс орнуудтай харилцах нөхөрсөг харилцаагаа улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг хамгаалан бэхжүүлэх зэрэг үндсэн зорилттой ажиллаж байгаа. Европын холбооны улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хөгжүүлэн сайжруулах нь Монгол Улсын гол зарчмуудын нэг юм.” гэжээ.

Европын холбооноос Монгол Улсад 1990 оноос 2015 оны эхний хагас хүртэл хугацаанд 835 компанийн 2,15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалтын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх төсөл, Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглалын хөтөлбөр, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл зэрэг Монгол Улсын үндэсний хөгжлийн зорилгод нийцсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.