“Эрдэнэтийн ДЦС”-ыг өргөтгөснөөр боловсруулалт нь 2,5-3 дахин нэмэгдэнэ
“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг аж үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулдаг Хятадын "Хунань" компаниар гүйцэтгүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ гэрээт ажлыг нийтдээ 53,8 сая долларын хөрөнгөөр 365 хоногт багтаан барьж гүйцэтгэх юм байна. Төслийн хөрөнгө оруулалтын 85 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, 15 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус тус санхүүжүүлж байгаа ажээ.
Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2,5-3 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох ажээ. Мөн “Эрдэнэтийн ДЦС”-ын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41,3 төгрөгөөр бууран 67.5 төгрөг болсноор жилд 7,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж анхны хөрөнгө оруулалтаа 7,5 жилд нөхөх юм байна.
Ингэснээр 100 гаруй мянган хүнтэй Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг ойрын 25-30 жилд бүрэн хангах нөхцөл бүрдэх юм.