Засгийн газар

Ч.Сайханбилэг : Цемент цутгаж, тоосго өрөхгүйгээр сэндвичин хэлбэрээр барилга барих бүрэн бололцоотой болжээ

М.Энхмаа
2015-12-09 07:50

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаар “Долоон болдог” группийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус группийн ерөнхийлөгч С.Ганбаатар, " Гал тогооны тавилга, хувцасны шүүгээний ”KitchenAll” брэнд үйлдвэрлэдэг “Долоон болдог групп” мод болон модон хавтан боловсруулах бүрэн автомат технологи бүхий үйлдвэрийг анх оруулж ирсэн. Манай үйлдвэр нэг ээлжиндээ 50-100 иж бүрэн тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ төрлийн импортыг бүрэн орлох боломжтой"   хэмээн танилцуулсан байна.  Мөн олон улсын чанар, стандартад нийцсэн сэндвич хавтангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрөгч сард дуусгасан талаар танилцуулжээ.

Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :

Тус групп тавилга, ган хийц, барилгын хавтангийн үйлдвэр барьсан нь монголчууд бид барилгаа эхнээс нь дуустал бүрэн барих бололцоотой болж байгааг харуулж байна.

Чингис бондын хөрөнгөөр манай улсад ийм олон үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ бол эхний давлагаа. Одоо ийм үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, бусад үйлдвэрүүдтэй үйл ажиллагааг нь нэгтэж хүчин чадал, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг дээшлүүлэхэд төр засаг бодлогоор оролцох шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Энэ бол дараагийн давлагаа юм.

Аймаг, сумдад төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, захиргааны барилга барихад цемент цутгаж, тоосго өрөх шаардлагагүй, ийм сэндвичин хэлбэрээр барих бүрэн бололцоотой болжээ. Технологийн ийм дэвшлийг ашиглаж, үндэсний үйлдвэрээ дэмжиж ажиллах бололцоо бидэнд байна. Үйлдвэрүүдийн үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг үзүүлэх нь чухал. Үйлдвэрүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад төр гол худалдан авагч, захиалагч нь болж дэмжих ёстой.