Засгийн газар

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол улсад айлчилна

М.Энхмаа
2015-12-09 08:07

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийх ажээ.

Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй 2 дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Айлчлалын үеэр хоёр орны зам тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байгаа юм байна.