Улсын их хурал

Б.Гарамгайбаатар : МАН зөвхөн өөрсдийн гаргасан саналыг хүчээр тулгах гээд байна

М.Энхмаа
2015-12-10 07:17

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой байсан 12 асуудалд намын бүлгүүд завсарлага авснаар нэг ч асуудал хэлэлцээгүй байна. Эдгээр 12 асуудлын 8-аар нь МАН бүлэг завсарлага авчээ.

Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар :

Өнөөдрийн чуулган олон цагаар оройтож эхэллээ. Зайлшгүй хэлэлцэх шаардлагатай чухал асуудлууд байхад нэг нам дангаараа бүх асуудлыг жадлан эсэргүүцэж байна. Ингэж зөвхөн өөрсдийнхөө гаргасан саналтай холбоотой асуудлаар чуулганыг хуралдуулах гэсэн оролдолго хийж байгаа нь зохимжгүй асуудал. Өнөөдөр ажлын өдөр. Улс орон хүнд хэцүү байгаа энэ үед МАН-ын гишүүд ажлаа хийх хэрэгтэй.

Ард түмнээрээ овоглосон МАН, ард түмнийхээ эсрэг үйлдэл хийгээд байна. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намын бүлгүүд завсарлага авч болно. Гэхдээ МАН-ын бүлгийн өнөөдрийн завсарлага ямар ч утга учиргүй байна. МАН-ынхан “Ард түмний хүсэн хүлээж байгаа, саналыг нь авсан сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй, зөвшилцөхгүй байгаа учраас завсарлага авч байна” гэсэн ганцхан хариулт өгч байна. Ямар нэг асуудал гараагүй байхад завсарлага авна гэж байхгүй.

Би зөвшилцлийн ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд МАН-ын дарга нартай бид хэд хэдэн удаа сонгуулийн хуулиар зөвшилцсөн. Харамсалтай нь МАН-ынхан зөвшилцлийн санал оруулсан боловч өөрсдөө түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвхөн нэг талын асуудлыг хүчээр тулгах гээд байгаагаас сонгуулийн хууль тодорхой хугацаагаар саатаж байгаа нь үнэн. Гэхдээ бид зөвшилцлийн төлөө байгаа. Гэтэл МАН-ынхан удирдаад ард түмний хүсэн хүлээсэн сонгуулийн хуулийг өөрчлүүлэхийн тулд жагсаал зохион байгууллаа. Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэхээр ард түмнээрээ овоглосон МАН улс төрийг гутаан доромжилж байна. Ард түмнээ юу ч мэдэхгүй тэнэг мангарууд гэж ойлгож байгаа юм шиг байна. Гэвч ард түмэн МАН-ын хийж байгаа үйлдлийг хараад өөрсдийнхөө санал дүгнэлтийг гаргасан байх. Албан тушаалтай холбоотой асуудал хэлэлцэх үед чуулганы танхимаар дүүрэн МАН-ын гишүүд байдаг. Гэтэл өнөөдөр хүн бараг байхгүй байна.

 


  1. 202.179.28.* би 2015-12-11 13:26
    Ардын Намынхан ичдэггүй юм байхдаа. Тийм л хар хайрцганд итгэхгүй байсан юм бол Одоогийн гишүүд нь ядаж өөрсдөөсөө ичээсээ, өөрсдөө хүлээн зөвшөөрч баталгаа нь шүү бид нар гэхшиг 4н жил УИХ-ын гишүүн гэж явчаад, одоо буухын хооронд тэнэгттэг байна ш дээ. Доромжлоод байгаа юмуу тохуурхаад байгаа юм уу, Тэгвэл тэр үедээ 2012 онд ингэж хэлээд эсэргүүцээд УИХ-н гишүүн болохгүй байх чинь яасан юм.