"Оюутолгой" компани 35 оюутанд 300 сая төгрөгийн тэтгэлэг олгоно
Өнөөдөр “Оюутолгой” компаниас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлаг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол боллоо. 2015-2016 оны хичээлийн жилд “Оюутолгойн” компаний гадаад, дотоодын тэтгэлгээр нийт 35 оюутан суралцахаар болсон байна. Үүнээс гадаадын их дээд сургуульд магистраар сурах 4, дотоодын сургуульд сурах 31 оюутанд 300 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ.
“Оюунлаг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжиж эхэлснээс хойших 6 жилийн хугацаанд уул уурхай, барилга болон бусад мэргэжлээр 30 оюутныг гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд сурахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Харин өнгөрсөн хугацаанд нийт 200 оюутныг уул уурхай, барилга болон бусад мэргэжлээр дотоодын их дээд сургуульд сурахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд дараах ерөнхий шалгуурыг хангасан байна :
- Монгол Улсын иргэн байх
- Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх
- Уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байх
- Сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх (4.0 хүртэлх томъёоллоор)
- Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
Дотоодын тэтгэлэг нь дараах зүйлээс бүрдэнэ:
- Жилийн сургалтын төлбөр
- Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг
- Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр
- “Оюу толгой” ХХК-с зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах боломж
- Cонгогдсон оюутнууд “Оюу толгой” ХХК-д дадлага хийх боломж
Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:
- Монгол Улсын иргэн байх
- Сурлагын голч дүн 3.4 түүнээс дээш байх (4.0 хүртэлх томъёоллоор)
- Уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгааны инженер, геологи, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд болон байгаль орчин чиглэлээр 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа, эсвэл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг сүүлийн гурван жилийн дотор төгссөн байх
- TOEFL (80 оноо болон түүнээс дээш) эсвэл IELTS (6.5 оноо болон түүнээс дээш) шалгалтын албан ёсны оноотой байх, тус онооны хүчин төгөлдөр хугацаа 2016 оны 3 дугаар сар байх
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
- Одоогоор “Оюу толгой” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй байх
Гадаадын тэтгэлэг дараах зүйлээс бүрдэнэ:
- Сургуулийн өргөдлийн төлбөр
- Сургалтын төлбөр
- Байрны төлбөр
- Ном, сурах бичиг авах дэмжлэг (жилд нэг удаа)
- Сар бүрийн тэтгэмж
- Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал
- Виз, олон улсын нислэгийн зардал
- “Оюу толгой” ХХК-д дадлага хийх боломж