Ч.Сайханбилэг : Зам дагаж аялал жуулчлал хөгжинө гэдэгт итгэлтэй байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн өдрүүдэд Архангай аймагт ажиллаж Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын нээлтэд оролцлоо.
Нээлтийн үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд зам, тээврийн салбарт томоохон ахиц гарлаа. Энэ хугацаанд 6000 орчим км зам тавьлаа. 2015 онд тавьсан 1000 гаруй км замын гол хэсэг болох Халзанбүргэдэй-Солонготын давааны хатуу хучилттай автозамын нээлт өнөөдөр болж байна. Улаанбаатар хотоос 700 орчим км алс энэ замыг 7 орчим цагт туулах боломж бүрдэж байна
.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг газарт монголчууд аялж, эх орныхоо байгалийн сайхантай танилцах, аялах сайхан боломж бүрдэж байна. Зам дагаж аялал жуулчлал хөгждөгийн жишээг өнгөрсөн зун Хөвсгөл аймгийг зорьсон аялагчдын цуваа бидэнд харуулсан. Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон анхны зун 43 мянган тээврийн хэрэгсэл тус нутагт зорчсон бол ирэх зун Архангай аймагт дотоод, гадаадын аялал жуулчлал хөгжиж, үүнийг дагаад эдийн засаг, бараа таваарын эргэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Зам дагаж хөгжил гэдэг, энэ том бүтээн байгуулалт монголчууд бидний амьдралд ач холбогдлоо өгнө. Ирэх хавар Завхан аймгийн Тосонцэнгэл сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдоно, бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд хатуу хучилттай автозамаар холбогдох төлөвлөгөө бий. 2016 онд багтааж Монгол улсынхаа 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох зорилтоо бид хэрэгжүүлнэ
. Эдгээр замууд гүйцэтгэх эзэнтэй болсон, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ.