Нийгэм

Үйлдвэр эрхлэгчдэд арилжааны банкнаас авсан зээлийн хүүгийн зөрүүг олгоно

Bolor Rose
2015-12-14 03:22

"Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан" ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс экспортлогчдод дэмжлэг үзүүлж эхэлнэ. Одоогоор Аж үйлдвэрийн яам тус сангийн журмыг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Сангийн хөрөнгийг 100 тэрбум төгрөг байхаар тусгасан ч ирэх оны төсөвт 5 тэрбум төгрөгийн санхүүжилт баталжээ. Тиймээс эхний ээлжинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргадаг үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөнд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох юм байна.

"Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан"-аас урьдчилсан байдлаар 100 хүрэхгүй аж ахуйн нэгж хүүгийн зөрүүний дэмжлэг авах боломжтой гэх тооцоо гарсан байна. Одоогийн байдлаар 1000 гаруй аж ахуйн нэгж, иргэд экспорт хийж байгаа бөгөөд эдгээрээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг экспортод гаргадаг, үндэсний хөрөнгө оруулалттай, уул уурхайн бус, жижиг, дунд үйлдвэрлэгч бус зэрэг шалгуураар шүүж үзвэл 98 аж ахуйн нэгж дээрх сангийн дэмжлэг авах юм байна.

Цаашид "Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан"-ийн хөрөнгийг бусад эх үүсвэрээр арвижуулснаар Төрөөс үйлдвэрлэгчдэд өгөх дэмжлэг нэмэгдэхээр байгаа аж. Дан ганц хүүгийн зөрүүний дэмжлэг гэхгүйгээр өндөр технологийг нутагшуулсан экспортын үйлдвэрийн судалгаа хөгжүүлэлтийн зардлын 75 хүртэлх хувийг буцаан олгох, факторингийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дэмжлэг үзүүлэх боломжтой болох юм байна.

 Эх сурвалж: bloombergtv.mn