Хууль

Сонгуулийн хууль сэм зөрчигсөд

М.Энхмаа
2015-12-14 09:48

Ээлжит сонгуулийн хугацаа ойртоод ирэхээр улс төрчдийн маань чих нь зөөлөн, гар нь тэнэгэр, ярьж хэлж байгаа нь ус цас болж хүн болгонд тэр дундаа тойргийнхоо сонгогчдод тун хайртай болдгийг хэн хүнгүй мэдэх биз. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн маань тойрогтоо ажиллах нь ихэсч энд тэнд нүүрс, нэгж, бидон, зуух тарааж сонгуулийн бэлтгэл ажлаа базааж эхэлсэн байна. Гэвч эдгээр эд бараа үнэ төлбөргүй тараах үйлдэл нь сонгуулийн хуулиар хориглогдсон байдаг бөгөөд хууль зөрчигсдийн нэр дэвших эрхийг хасах, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хурааж авах хүртэл арга хэмжээ авдаг байна. 

Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор тодорхой үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заасан байдаг.

Үүнд : 

- Мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах

- Аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх

- Төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах

- Биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх

- Хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах

- Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах

- Амралт, сувилалд амраах, сувилуулах

- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах

- Бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах

- Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах,аман хэлцэл хийх

- Хишиг, хувь, хувьцаа өгөх

- Ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт өгөх

Мөн сонгуулийн хуулийн дээрх заалтыг зөрчигсдөд дараах хариуцлагыг хүлээлгэнэ хэмээн заасан байна.

- Уг хуулийг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

- Иргэн нам, эвсэл, нэр дэвшигчийг бэлэн мөнгө, эд бараа тараасан тухай хуурамч мэдээлэл тараан гүтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

- Энэ хуулийг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол үнэмлэхийг нь  хүчингүй болгоно.

- Нэр дэвшигчийг бүртгэснээс хойш хууль зөрчсөн нь тогтоогдвол нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно.

Сонгуулийн хууль зөрчигсөдтэй танилц

Г.Баярсайхан гишүүний зурагтай том оврийн машин Чингэлтэй дүүргийн иргэдэд үнэгүй нүүрс тарааж эхэлсэн байна. 

Л.Эрдэнэчимэг гишүүн 10-р сард СХД-ийн иргэдтэй хийсэн уулзалтынхаа ирцийг бүрдүүлэхийн тулд иргэдийг нэгжээр урин дуудсан байна. Тэрээр уулзалтын урилга дээрээ  "Урилгаа үзүүлээд нэгжээ авна уу" гэсэн тамга дарсан байжээ. 

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймгийн сонгогчиддоо усны бидон тараасан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Д.Ганбат гишүүн “бидон” хоч аваад байна.

ШӨХТГ-ын экс дарга О.Магнай УИХ-ын сонгуульд СХД-ээс нэр дэвших нь нэгэнт ойлгомжтой болжээ. Тэрээр 11-ээр сар гарснаас хойш тус дүүргийн гэр хорооллын оршин суугчдад хэд хэдэн удаа нүүрс тараасан байна.

Хөвсгөл аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллах үеэрээ Хөвсгөл аймгийн ахмадуудад 10 кг гурил өгөхөө амлажээ. Энэ талаар нэгэн жиргэгч “Гишүүнээ угтаж авлаа Дуучин Далантай, Эрдэнэцэцэг нартай ирэв. Ахмад бүрт 10 кг гурил өгөхөө амлав.” хэмээн жиргэсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дүү Д.Сэржбүдээ нийслэлийн Сүхбаатар дүүрэгт МАН-ын нэрийн өмнөөс иргэдэд зуух тараажээ. Түүнийг ирэх сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшихээр зэхэж байгаа талаар мэдээлж байгаа юм.

 


  1. 103.57.92.* Зочин 2015-12-15 12:45
    ЗӨВ ШҮҮ