З.Энхболд : Санал тоолох машинаар гурван удаагийн сонгуулийн саналыг тоолоход нэг ч удаа зөрчил илрээгүй
АН-ын бүлэг бүлгийн ээлжит хуралдааныхаа төгсгөлд сэтгүүлчидтэй хамт сонгуулийн санал тооллогын машины ажиллах горимтой танилцжээ. СЕХ-ноос ерөнхий танилцуулга хийсний дараа уг төхөөрөмжийн дүн үнэн гардаг эсэхийг магадлахын тулд санал хураалт явуулж дүнг нь сэтгүүлчдийн хамт машинаар болон, гараар тоолж гаргасан байна.
Энэ үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:
Сонгуулийн санал тооллогын машинд эргэлзээд байгаа хүмүүст би ганцхан зүйл хэлж байгаа. 2012 оны УИХ болон нийслэл, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд гурван удаа бид энэ машиныг шалгасан. Эдгээр сонгуульд санал тооллогын машиныг хэрэглэхэд саналын тооны ямар нэг зөрүү гараагүй. Зөрүү гарах үндэслэл байхгүй гэдгийг хэлье. Нэг сонгуульд дунджаар 1.200.000-1.300.000 орчим хүн санал өгч байгаа. Нийт саналын хуудасны зургийг бүх нам, нэр дэвшигч, ажиглагчдад үнэ төлбөргүй тараасан. Тэдгээр хүн бүрт 3.600.000-3.800.000 орчим зураг бий. Нөгөө талд нь санал тоолсон 2500 орчим машины дүн гаргасан цаас нь байгаа. Энэ тараасан файл, тоолсон тооллогын дүн хоёрын дундаас зөрүү гарах юм бол Сонгуулийн ерөнхий хороо авч үзнэ. Энэ нь сонгуулийн санал тоолох машинаар луйвар хийж болохгүйн хамгийн том баталгаа. Та нар хэрэв хардаж байгаа бол шалгах боломжтой. Бүх файл хүмүүсийн гар дээр бий. Сонгууль явуулсан өдрийн орой нь тараачихдаг учир хэн ч түүнийг өөрчлөх боломжгүй. Нэг ширхэг саналын л зөрүү олох юм бол Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээд шалгуулж, арга хэмжээ авахуулж болно. Би 3.600.000 орчим саналын хуудасны тухай ярьж байна. Тэр бүх файл нийт нэр дэвшигч, намууд, ажиглагчдын гар дээр бэлэн байгаа. Ийм л учраас дэлхийн бусад аль ч оронд байхгүй нэг зүйл хэргээр нэмж өгсөн. Монголчууд их хардамтгай учраас бүх зүйлийг ил болгосон, энэ сонгуульд нуух зүйл ерөөсөө байхгүй
.
гурван удаагийн сонгуулиар шалгачихаад байхад итгэхгүй байна гэдэг бол цэвэр улстөрийн шалтгаан
тай л гэж харж байна. Гараар тоолох нь ч нээлттэй байгаа. Сонгуулийн ерөнхий хороо энэ машиндаа итгэлтэй байгаа нь зөв. Үүнээс сайн аргыг дэлхийн улс орнууд одоогоор бодож олоогүй л байна. Цаас үлддэггүй байсан бол би ч бас эргэлзэх байлаа. Тэгтэл энэ машины цаас нь, зураг нь үлддэг.