А.Бакей : Шилэн дансны хуулийн зарчмыг улс төрийн намуудын болон сонгуулийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх шаардлагатай
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Их Британийн Элчин сайдын яам, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран “Улс төрийн санхүүжилт:-Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Тус байнгын хорооны дарга А.Бакей :
Судалгаанаас үзэхэд манай улсын тухайд сонгуулиас сонгуульд улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн зарцуулсан зардлын хэмжээ өсч ирсэн байна. Тухайлбал, 2012 оны сонгуулиар УИХ-д суудалтай намууд нийтдээ 35 тэрбум төгрөг зарцуулснаас 20 гаруй нь зөвхөн сонгуулийн сурталчилгаанд зарцуулагджээ
. Энэ бол зөвхөн намуудын тайланд туссан зардлын дүн юм. Тиймээс сонгуулийн зардлыг яаж оновчтой төлөвлөх, зохион байгуулалт, менежментийг хэрхэн боловсронгуй, үр өгөөжтэй болгох асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Сонгуулийн хуулийн төслүүдэд сонгуулийг аль болох бага зардлаар зохион байгуулах, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн зааг ялгааг тодорхой болгох, мөн улс төрийн намын зардлын ямар хэсгийг төрөөс санхүүжүүлэх, нэр дэвшигчид ямар хэсгийг нь хариуцах, сонгуулийн зардлын санхүүжилтийг олон нийтэд хэрхэн ил тод мэдээлэх чиглэлээр зарим зохицуулалтыг тусгасныг дурдаад шилэн дансны хуулийн зарчмыг улс төрийн намуудын болон сонгуулийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр “Их Британийн улс төрийн болон сонгуулийн санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр Их Британийн Сонгуулийн хорооны хуулийн хэрэгжилтийн менежер Жон Франке, “Их Британийн сонгуулийн санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтын улс төрийн намуудад үзүүлэх нөлөө” сэдвээр Шотландын Үндэсний намын хуулийн зөвлөх Скотт Мартин нар илтгэл тавьжээ.
Их Британийн сонгуулийн санхүүжилт нь төрийн дэмжлэг болон хувь хүн, хуулийн этгээдийн хандив, улс төрийн намуудын зээл зэргээс бүрддэг байна. Улс төрийн намуудад парламент дахь суудлын тоо, намуудын авсан саналын хувь зэрэгтэй нь уялдуулан төрөөс зохих төсвийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ сонгуулийн кампанит ажлын явцад намууд болон бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааг тодорхой хүрээнд үнэгүй явуулах эрх олгох, төрийн байгууллагын байр танхимыг сонгуулийн сурталчилгаанд нь ашиглуулах зэргээр туслалцаа үзүүлдэг байна. Их Британийн нэг онцлог нь хувь хүн, хуулийн этгээд улс төрийн намд хүссэн хэмжээгээр хандив өгч болдог
байна. Түүнчлэн хувь хүн нь улс төрийн намд зээл өгч болох хуулийн зохицуулалт байдаг
агаад тухайн нам нь зээл авах тухайгаа сонгуулийн хороонд мэдэгдсэн байх учиртай аж. Харин намууд нь банкнаас арилжааны зориулалтаар зээл авах шаардлагатай бол зээлийн зориулалт, мөнгөний хэмжээг сонгуулийн хороонд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээдэг байна.