Нийгэм

Түлэнхийн төвийг барихад 26 тэрбум төгрөг шаардлагатай

Bolor Rose
2015-12-15 08:20
Түлэнхийн төвийн асуудал анх 2011 оноос яригдаж эхэлсэн. Учир нь тус төвийн барилга 1950-иад онд ашиглалтад орсноос хойш зөвхөн урсгал засвараар 2011 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Гэтэл МХЕГ-аас тус төвийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж, акталсан учраас Түлэнхийн төв нь одоог ГССҮТ-д байрлаж байгаа. 

Мөн Түлэнхийн тасаг "Мөнгөн гүүр" эмнэлэгт түрээсээр хоёр жил болохдоо улсын төсвөөс сар бүр 28,2 сая төгрөг төлдөг байжээ. Энэ нь 2 жилээр тооцож үзэх юм бол Түлэнхийн төвийн түрэээсэнд Улсын төсвөөс 670 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. 

Түлэнхийн төвд эмчлүүлэгсдийн 70-80 хувь нь 0-5 насны хүүхэд 

Одоогоор Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын гурван тасаг 80 ортой үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 70-80 хувь нь 0-5 насны хүүхэд байгаа ажээ. Түүнчлэн түлэгдсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэр хорооллын хүүхдүүд байдаг байна. 

Түлэнхийн төвийн барилгыг барихад 26 тэрбум төгрөг шаардлагатай 

 2015 оны төсөвт  Түлэнхийн төвийн барилгын ажилд 6 тэрбум төгрөг, 2016 оны төсөвт 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл Түлэнхийн төвийн барилгыг барихад 26 орчим тэрбум төгрөг шаардлагатай ажээ. Энэ мэтээр жил бүр Түлэнхийн төвийг барих ажилд бага мөнгө төсөвлөх юм бол 2019 он болоход Түлэнхийн төвийн барилга ашиглалтад орохгүй тухай тус төвийн мэргэжилтнүүд хэлжээ.